Даниел 7
7
Дөрвөн араатны тухай үзэгдэл
1Вавилоны хаан Белшазарын анхдугаар онд Даниел орондоо зүүд зүүдэлж, толгойдоо үзэгдэл харав. Тэрээр зүүдээ бичиж үлдээн доорх зүйлсийг ярив. 2Даниел
—Шөнө би үзэгдэлдээ, үзэгтүн, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байхыг харав. 3Өөр хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв.#Илч 13:1, 17:8 4Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй бөлгөө. Намайг харсаар байтал жигүүр нь таслагдаж, тэрээр газраас өргөгдөн хүн шиг хоёр хөл дээрээ зогсов. Түүнд хүний зүрх өгөгдөв.#Илч 13:2 5Харагтун, нөгөө хоёр дахь араатан нь баавгай шиг төрхтэй байв. Тэр хажуулдан босож байсан бөгөөд аман дотроо, шүднийхээ завсар гурван хавирга зуусан байв. Тэд түүнд “Босоод, их мах ид” гэв. 6Үүний дараа би харсаар байтал харагтун, ирвэс шиг өөр нэгэн нь нуруундаа шувууны дөрвөн далавчтай байв. Тэр араатан бас дөрвөн толгойтой байсан ба түүнд эрх мэдэл өгөгдөв. 7Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ цааш харвал дөрөв дэх араатан нь хиртхийлгэм, айдас төрүүлмээр асар хүчтэй байлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэр нь залгиж, хэсэгчиж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнаас ялгаатай, арван эвэртэй байв.#Илч 12:3, 13:1 8Би тэдгээр эврийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй, ихээр бардамнан ярих амтай байв.#Илч 13:5–6
Эртний Нэгэн
9Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж,
Эртний Нэгэн суудалдаа залрав.
Түүний хувцас цас шиг цагаан,
Толгойн үс нь цэвэр ноос шиг байв.
Сэнтий нь галын дөл шиг,
Дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв.#Илч 20:4, 1:14
10Өмнөөс галтай мөрөн гарч ирэн урсав.
Үй түмээрээ Түүнд үйлчилж,
Үй түмээрээ өмнө нь зогсоцгоож байлаа.
Шүүх эхлэн номууд дэлгэгдэв.#Илч 5:11, 20:12
11Эврийн ярьж буй бардам үгсийн дуунаас болж би харсаар байлаа. Араатан алагдаж, бие нь устгагдан дүрэлзсэн галд хаягдах хүртэл би харсаар байлаа. 12Үлдсэн араатнуудын эрх мэдэл нь булаагдсан боловч цаг хугацаа иртэл тэдний амийг сунгав. 13Би шөнийн үзэгдлийг харсаар байв.
Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн
Тэнгэрийн үүлсээр ирж,
Эртний Нэгэн дээр очоод,
Түүнд бараалхав.#Мт 24:30, 26:64; Мк 13:26, 14:62; Лк 21:27; Илч 1:7,13, 14:14
14Түүнд эрх мэдэл, сүр жавхлан, хаанчлал өгөгдөж,
Бүх ард түмэн, үндэстэн,
Бүх хэлтэн Түүнд үйлчлэв.
Ноёрхол нь үүрдийн ноёрхол
Эс өнгөрөн одно.
Хаанчлал нь эс устах хаанчлал юм.#Илч 11:15
Зүүдний тайлал
15Харин Даниел би бие дотроо шаналж, миний толгой дахь үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.#7:15 Арам хэлээр утга тодорхойгүй хоёр нэмэлт үг энэ эшлэлд бий. 16Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асуув. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэлэв. 17“Энэ дөрвөн аварга араатан бол газраас босох дөрвөн хаан юм. 18Харин Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүс хаанчлалыг авч, ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ” гэв.#Илч 22:5 19Дараа нь бусад араатнуудаас ялгаатай, нэн аймшигтай, төмөр шүдтэй, хүрэл хумстай, залгиж, буталж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэсэн дөрөв дэх араатны үнэн учрыг мэдэхийг би хүсэв. 20Мөн түүний толгойн арван эвэр болон өмнө нь зай гаргахаар гурван эвэр булгарч унасан өөр нэг эвэр буюу нүдтэй, агуу их бардам үг хэлдэг амтай, гадна төрхөөрөө бусдаасаа илүү том харагдсан эвэр зэргийн учрыг мэдэхийг хүслээ. 21Намайг харсаар байхад тэр эвэр ариун хүмүүстэй тулалдан дайтаж, тэднийг дийлж байсан нь#Илч 13:7 22Эртний Нэгэн ирж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүх өгөгдөж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл болно.#Илч 20:4 23Тэрээр ийн хэлжээ. “Дөрөв дэх араатан нь газар дээрх дөрөв дэх хаанчлал байх бөгөөд тэр нь бусад бүх хаанчлалаас ялгаран бүх дэлхийг залгиж, талхалж, хэсэглэх болно. 24Арван эвэр бол тэр хаанчлалаас босох арван хаан юм. Тэдний дараа урьд нь байгсдаас ялгаатай, өөр нэгэн хаан босоод гурван хааныг дарах болно.#Илч 17:12 25Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг цаг үе, цаг үеүд, хагас цаг үеийн турш тэд гарт нь тушаагдана.#Илч 12:14, 13:5–6 26Харин шүүлт эхлэх бөгөөд бүрмөсөн сөнөөгдөхийн тулд эрх мэдэл нь булаагдана. 27Тэгээд бүхий л тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл, агуу байдал нь Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Хаанчлал нь үүрдийн хаанчлал байж, бүх эрх мэдэл Түүнд үйлчилж, захирагдан дагах болно” гэв.#Илч 20:4, 22:5 28Үүгээр энэ үг дуусав. Даниел миний бодлууд намайг ихэд түгшээж, зүс минь хувирсан боловч энэ хэргийг би зүрхэндээ хадгалав.
Одоогоор Сонгогдсон:
Даниел 7: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.