Дэд хууль 3

3
Ог хааныг ялав
(Тоо 21:31–35; 32:1–42)
1Бид эргэж, Башаны замаар хүрч очиход Башаны хаан Ог бүх ард түмнээ дагуулан Едреид бидэнтэй тулалдахаар ирэв. 2ЭЗЭН надад хандаж “Түүнийг болон түүний бүх ард түмэн, газар нутгийг нь Би чиний гарт өгсөн тул түүнээс бүү ай. Чи Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил түүнд үйлд” гэв. 3Ингээд ЭЗЭН Бурхан маань Башаны хаан Огийг бүх ард түмэнтэй нь бидний гарт тушаасанд бид амьд хүн нэгийг ч үлдээлгүй тэднийг бут цохив. 4Бид тэр үед түүний бүх хотыг эзлэн авсан билээ. Аргобын бүх нутаг дэвсгэр буюу Башан дахь Огийн хаант улс, түүний жаран хотоос бидний эзлээгүй нэг ч хот байхгүй. 5Тэр хотууд нь бүгд өндөр хэрэм, гулдан хаалга, хөндлүүдээр бэхлэгдсэн байв. Түүнээс гадна хана хэрэмгүй суурин нэн олон байв. 6Бид Хешбоны хаан Сихонд үйлдсэн шигээ хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүйс тэмтрэн тэдгээр хотыг устгасан. 7Бид харин бүх мал адгуус мөн хотуудаас дээрэмдсэн зүйлсийг өөрсдөдөө олз болгон авсан билээ.
8Ингэж тэр үед Иорданы чанадад байсан аморичуудын хоёр хааны гараас бид Арноны хөндийгөөс Хермон уул хүртэлх газрыг мөн 9(Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг) 10тэгш тал дахь бүх хот, бүх Гилеад, бүх Башан, Башан дахь Огийн хаант улсын хот Салека, Едреи хүртэл эзлэн авсан. 11(Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор#3:11 эсвэл авс нь төмөр#3:11 эсвэл чулуун ор бөгөөд энгийн хүний тохойгоор есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа.) 12Тэр үед бид эзэмшилээ болгон авсан тэр газрын хувьд би Арноны хөндийн дэргэдэх Ароераас Гилеадын уулархаг нутгийн хагасыг хотуудынх нь хамт Реубен, Гад овгийнхонд өгсөн. 13Гилеадын үлдсэн газар нутаг болон Огийн хаант улс, бүх Башаныг би Манассе овгийн хагаст өгсөн. Аргобын бүх нутаг, бүх Башан нь Рефаимын нутаг хэмээн нэрлэгдэж байв. 14Манассегийн хөвгүүн Иаир нь гешурчуудын болон маакатчуудын хил хүртэлх Аргобын бүх нутгийг авч, Башаныг өөрийн нэрээр Хаввот-Иаир гэж нэрлэсэн нь одоо хүртэл хэвээрээ байна. 15Би Гилеадыг Махирт өгсөн билээ. 16Би реубенчүүд, гадчуудад Гилеадаас Арноны хөндий хүртэлх газрыг өгч, тэр хөндийн дундуур хилийг нь тогтоосон. Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэл 17мөн Араба, Иордан голын хамт, Хиннеретээс Арабагийн тэнгис буюу Давст тэнгис, Писга уулын хормой хүртэл баруун хил нь болжээ.
18Тэр үед би та нарт “ЭЗЭН Бурхан чинь энэ газрыг та нарт өмчлүүлэхээр өглөө. Эр зоригт эрчүүд та бүхэн зэвсэглээд, Израилийн хөвгүүд болох ах дүү нараа манлайлан гаталцгаа.#Иош 1:12–15 19Харин та нарын эхнэр, хүүхэд, мал сүрэг чинь (Олон малтайг чинь би мэднэ.) миний та нарт өгсөн хотуудад үлдэх бөгөөд 20ЭЗЭН та нарт өгсөн шигээ ах дүүст чинь ч амралтыг өгөх хүртэл тийн байх болно. Тэд Иорданы нөгөө талд, та нарын Бурхан ЭЗЭНий өгөх газрыг эзэмшсэний дараа та нар бүгдээрээ миний өгсөн эзэмшил газартаа буцаж ирж болно” гэж хэлсэн. 21Тэр үед би Иошуад “Та нарын Бурхан ЭЗЭНээс энэ хоёр хаанд учруулсан бүгдийг чи нүдээрээ үзсэн. Чиний гатлан очих гэж буй бүх хаанчлалд ЭЗЭН бас тийн үйлдэх болно. 22Тэднээс битгий ай! ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө тэмцэгч нэгэн юм” гэж тушаасан билээ.
Писгагаас Канааныг ширтэв
23Би бас тэр үед ЭЗЭНээс гуйж,#Тоо 27:12–14; Дх 32:48–52 24“Эзэн БУРХАН! Та зарцдаа алдар цуу, хүчирхэг мутраа харуулж эхэлсэн. Таных шиг ийм бүтээл, хүчит үйлсийг үйлдэж чадах бурхан, тэнгэр газрын хаана байна вэ? 25Би залбирч байна. Намайг гатлуулж, Иорданы чанадад орших тэр сайхан газар, тэр үзэсгэлэнт уулс, Ливаныг үзүүлээч” гэсэн 26боловч ЭЗЭН та нараас болж, надад хилэгнэсэн бөгөөд намайг сонссонгүй. ЭЗЭН надад “Боллоо! Чи энэ тухай Надад дахин бүү ярь! 27Писгагийн оройд гарч, баруун, зүүн, хойш урагш харцаа өргөн нүдээрээ ширт! Учир нь чи энэ Иордан голыг гатлах ёсгүй. 28Харин чи Иошуад тушааж, түүнд тууштай урам зориг, хүч чадал өг! Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлэн хуваарилна” гэсэн юм. 29Тэгэхэд бид Бет-пеорын нөгөө талын хөндийд үлдсэн билээ.

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү