Гэтлэл 27

27
Шатаалт тахилын хүрэл ширээ
(Гэт 38:1–7)
1Чи хуайс модоор тахилын ширээг хий. Урт нь таван тохой, өргөн нь таван тохой, дөрвөлжин бөгөөд өндөр нь гурван тохой байна. 2Үүний дөрвөн буланд эврүүд хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэг цул байх бөгөөд үүнийг хүрлээр бүр. 3Үнсийг нь авч хаяхад зориулсан савыг нь мөн утгуур, угаагуур, сэрээ болон бойпруудыг нь хий. Бүх хэрэгслийг нь хүрлээр үйлдэгтүн. 4Ширээнд зориулан хүрэл сараалжин торыг хийгтүн. Түүний дөрвөн өнцөгт нь дөрвөн хүрэл гархи хий. 5Чи торыг тахилын ширээний доод амсрын доор, тахилын ширээний өндрийн дундад хүрэхээр тавь. 6Тахилын ширээнд зориулан дамнуургууд, хуайс модон дамнуургууд хийж хүрлээр бүрэгтүн. 7Тахилын ширээг зөөх үед дамнуургууд хоёр талд нь байхын тулд дамнуургуудыг гархинуудад шургуул. 8Тахилын ширээг банзаар, дотор талдаа хөндий хий. Уулан дээр чамд үзүүлсэн ёсоор тэд үүнийг ингэж хийг.
Асрын хашаа
(Гэт 38:9–20)
9Чи асрын хашааг хийгтүн. Өмнө зүгт буюу тэр талынх нь хашааны хөшигнүүд нарийн нэхсэн маалингаар хийгдэх бөгөөд зуун тохой урттай байна. 10Багананууд нь хорь байх бөгөөд хорин хүрэл углууртай байна. Баганануудын дэгээ ба холбоос нь мөнгөн байх ёстой. 11Үүнчлэн умард зүгт ч зуун тохой урт хөшиг болон хорин багана хорин хүрэл углуур байна. Баганануудын дэгээ, холбоос нь мөнгөн байна. 12Баруун зүгт хашааны өргөнд арван багана, арван углууртай тавин тохой хөшиг байна. 13Зүүн зүгт буюу урд талдаа хашааны өргөн нь тавин тохой байна. 14Нэг талын хөшиг нь арван таван тохой бөгөөд гурван багана, гурван углууртай байна. 15Нөгөө талд ч мөн арван таван тохой хөшиг ба гурван багана, гурван углуур байна.
16Хашааны хаалганд хөх, ягаан, час улаан өнгөтэй даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийгдсэн, нэхмэлчдийн урлал болох хорин тохой дэлгэц байна. Тэр нь дөрвөн багана, дөрвөн углууртай байна. 17Хашааны эргэн тойрон дахь бүх багана мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна. Тэдгээрийн дэгээ нь мөнгө, углуур нь хүрэл байна. 18Хашааны урт нь зуун тохой, өргөн нь тавь тавин тохой, өндөр нь таван тохой, нарийн нэхсэн маалингаар хийгдсэн байх ба углуур нь хүрэл байна. 19Асрын бүх үйлчлэлд хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна.
Дэнлүүний тос
(Лев 24:1–4)
20Дэнлүүг байнга асаалттай байлгахын тулд гэрэлтүүлгэд зориулан чидун жимснээс шахсан цэвэр тосыг чамд авчрахыг чи Израилийн хөвгүүдэд тушаа. 21Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 27: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү