Гэтлэл 33

33
Синаиг орхих тушаал
1ЭЗЭН, Мосед
—Явцгаа, чи болон Египет газраас чиний гаргасан ард түмэн эндээс хөдлөн явж “Чиний үр удамд Би үүнийг өгнө” гэж Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан нутагт оч.#Эх 12:7, 26:3, 28:13 2Би чиний өмнө тэнгэрэлчийг явуулж, Би Өөрөө канаан, амори, хит, периз, хиви болон иебусчуудыг хөөнө. 3Сүү бал урссан нутаг уруу яв. Та нар зөрүүд ард түмэн учраас Би та нарыг замд хөнөөчихгүйн тулд Би дунд чинь явахгүй гэв. 4Ард түмэн энэ муу үгийг сонсоод харамсан гашуудаж, хэн нь ч гоёл чимэглэлээ зүүсэнгүй. 5Учир нь ЭЗЭН, Мосед
—Чи Израилийн хөвгүүдэд “Та нар зөрүүд ард түмэн. Би дунд чинь ганц хормын төдийд явбал та нарыг сөнөөх юм байна. Одоо тэгэхлээр та нар гоёл чимэглэлээ тайл. Би та нарыг яахыгаа шийднэ” гэж хэл хэмээн айлдсан юм. 6Иймээс Израилийн хөвгүүд Хореб уулаас цааш явахдаа гоёл чимэглэлээ тайлж хаяв.
Хуарангийн гаднах уулзалтын майхан
7Мосе майхан авч, хуарангийн гадна, хуарангаас нэлээд зайдуу барьж, түүнийгээ уулзалтын майхан гэж нэрлэв. Тэгээд ЭЗЭНийг хайсан хүн бүр хуарангийн гадна байгаа уулзалтын майханд очдог болов. 8Мосег асар уруу явах бүрд бүх ард түмэн босон хүн бүр майхныхаа үүдэнд зогсож, Мосег асарт ортол араас нь ширтэн хардаг байв. 9Мосег асарт орох бүрд үүлэн багана буун ирж, асрын үүдэнд тогтоод, ЭЗЭН, Мосетэй ярьдаг байв. 10Бүх ард түмэн асрын үүдэнд тогтон буй үүлэн баганыг харахдаа хүн бүр майхныхаа үүдэнд босож, мөргөдөг байв. 11Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт ЭЗЭН, Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа. Мосег хуаран уруу буцах болгонд харин түүнд үйлчлэгч залуу, Нуны хүү Иошуа майхнаас холддоггүй байв.
Мосегийн гуйлт
12Дараа нь Мосе, ЭЗЭНд
—Хараач, Та надад “Энэ ард түмнийг удирд” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа надад мэдүүлээгүй. Гэтэл “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж Та айлдсан. 13Одоо тэгэхлээр гуйж байна, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол замуудаа надад мэдүүлээч. Тэгвэл би Таныг мэдэж, Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв. 14Тэгтэл Тэр
—Миний оршихуй хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв. 15Дараа нь Мосе Түүнд
—Хэрэв Таны оршихуй явахгүй бол биднийг эндээс бүү явуулаач. 16Эс тэгвэл би болон Таны ард түмэн мэлмийд тань тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж байгаагаар бус уу? Тэгвэл би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдах юм гэв. 17ЭЗЭН, Мосед
—Чиний хэлсэн энэ зүйлийг Би бас хийнэ. Учир нь чи Миний мэлмийд тааллыг олсон. Би чамайг нэрээр чинь мэддэг гэж айлдав.
18Тэгэхэд Мосе
—Алдраа надад үзүүлээч, гуйж байна гэжээ. 19Тэр
—Би бүх сайн сайхнаа өмнүүр чинь өнгөрүүлж, ЭЗЭНий нэрийг чиний өмнө тунхаглана. Би нигүүлсэх хүнээ нигүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэв.#Ром 9:15 20Харин Тэр
—Намайг хараад амьд үлдэж чадах хүн байхгүй тул чи Миний нүүрийг харж чадахгүй гэж айлдав. 21ЭЗЭН айлдахдаа
—Харагтун, дэргэд минь нэгэн газар байна. Чи тэнд хадан дээр зогс. 22Миний алдар өнгөрөх үед Би чамайг хадны хөндийд оруулж, өнгөрөх хүртэлээ чамайг мутраараа халхална. 23Дараа нь Би мутраа авах бөгөөд чи Миний арыг харна. Харин Миний нүүр харагдахгүй гэв.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 33: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү