Гэтлэл 36

36
1Ариун газрын үйлчлэлийн бүх төрлийн ажлыг хэрхэн гүйцэтгэхийг мэдэх мэргэн ухаан, ойлголтыг ЭЗЭНээс авсан Безалел, Охолиаб, мөн ур авьяаст хүн болгон ЭЗЭНий тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэхээр болов. 2Тэгээд Безалел, Охолиаб болон ЭЗЭН зүрхэнд нь мэргэн ухаан өгсөн хүн болгоныг буюу зүрх нь хөдөлсөн бүхнийг урлал хийхээр ир хэмээн Мосе дуудав. 3Тэгээд ариун газрыг хийх үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхэд зориулж Израилийн хөвгүүдийн авчирсан бүх хандивыг тэд Мосегээс хүлээн авлаа. Өглөө бүр хүмүүс түүнд сайн дурын өргөлүүд авчирсаар байлаа. 4Ариун газрын бүх ажлыг хийж байсан урчууд бүгд тусбүр хийж байсан ажлаасаа ирцгээж, 5Мосетэй ярин
—Хийгтүн гэж ЭЗЭНий тушаасан ажил үйлчлэлд хүрэх хэрэгцээнээс илүүг ард түмэн авчирч байна гэв. 6Тиймээс Мосе тушаасан ба хуаран даяар
—Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ямар ч хүн цаашид ариун газрын хандивт юу ч бүү хийтүгэй гэж тунхаглав. Ийнхүү ард түмний авчрахыг нь болиулав. 7Учир нь тэдэнд байсан зүйлс нь хүрэлцээтэй бөгөөд бүх ажлыг дуусгахад хангалттай илүү байв.
Асрыг барьсан нь
(Гэт 26:1–37)
8Асрын ажлыг гүйцэтгэж байсан бүгдийн дундаас ур авьяаст хүмүүс нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан даавуугаар арван бүрээстэй асар хийв. Үүн дээр тэрээр уран хийц болох херубуудыг хийжээ. 9Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байв. 10Тэр таван бүрээсийг хооронд нь холбоод, нөгөө тавыг нь хооронд нь холбов. 11Тэрээр холбогдсон эхний хэсгийн бүрээсний ирмэгт хөх өнгийн гогцоо хийж, нөгөө хэсгийн бүрээсний ирмэгт тэр мөн түүнчлэн хийлээ. 12Тэрээр нэг бүрээсэнд тавин гогцоо, хоёр дахь хэсгийн нөгөө бүрээсний захад мөн тавин гогцоо хийв. Гогцоонууд нь нэг нэгнийхээ харалдаа байв. 13Тэгээд тэр тавин алтан дэгээ хийж, уг дэгээнүүдээр бүрээснүүдийг хооронд нь холбов. Ингэснээр асар нь нэг болов.
14Мөн тэрээр ямааны хялгасаар асрын дээгүүр бүтээх майхны бүрээснүүд хийв. Тэрээр арван нэгэн бүрээс хийжээ. 15Бүрээс бүрийн урт нь гучин тохой бүрээс бүрийн өргөн нь дөрвөн тохой байсан бөгөөд арван нэгэн бүрээс нь ижил хэмжээтэй байв. 16Тэр таван бүрээсийг хооронд нь холбож, нөгөө зургаан бүрээсийг ч хооронд нь холбов. 17Тэрээр эхний хэсгийн бүрээсний ирмэгийн холбоосон дээр тавин гогцоо, хоёр дахь хэсгийн бүрээсний ирмэгийн холбоосон дээр тавин гогцоо хийв. 18Тэрээр тавин хүрэл дэгээ хийж, дэгээнүүдийг гогцоонд оруулан майхныг хооронд нь холбож нэг болгов.
19Улаанаар будсан хуцын арьсаар асрын бүтээлгийг тэрээр хийв. Дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгийг тавив.
20Тэгээд тэрээр асарт зориулан дүнзнүүдийг хуайс модоор босоогоор нь хийв. 21Дүнз бүрийн урт нь арван тохой, дүнз бүрийн өргөн нь нэг тохой хагас байв. 22Дүнз бүрд хооронд нь холбосон нэг нь нөгөөгийнхөө харалдаа хоёр углуурга байсан агаад асрын бүх дүнзийг тэрээр тийнхүү хийв. 23Тэрээр асарт зориулж өмнө зүгт, асрын баруун талд нь хорин дүнзийг хийв. 24Хорин дүнзэн доор дөчин мөнгөн углуур, нэг дүнзэн доорх хоёр углуургад зориулж хоёр углуурыг мөн нөгөө дүнзэн доорх хоёр углуургад зориулж хоёр углуурыг хийв. 25Тэгээд асрын нөгөө тал буюу хойд зүгт нь тэр хорин дүнзийг 26дөчин мөнгөн углуурын хамт, нэг дүнзэн доор хоёр углуур, нөгөө дүнзэн доор хоёр углуур хийв. 27Асрын ар талд нь буюу баруун зүгт зориулан тэрээр зургаан дүнз хийжээ. 28Асрын ар талын булангуудад тэр хоёр дүнз хийв. 29Тэдгээр нь доогуураа салангид боловч дээгүүрээ эхний гархинд холбогдсон бөгөөд тэрээр хоёр буланд зориулан хоёр дүнзийг ийнхүү хийв. 30Тэнд арван зургаан мөнгөн углуур бүхий найман дүнз байсан ба дүнз бүрийн доор хоёр углуур байв. 31Дараа нь тэр хуайс модоор асрын нэг талын дүнзнүүдэд зориулан таван хөндөл хийж 32асрын нөгөө талын дүнзнүүдэд зориулан таван хөндөл мөн баруун зүгт буюу асрын ар талд зориулан таван хөндлийг хийв. 33Тэр дүнзнүүдийн дундуур нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжлэх голын хөндөл хийв.
34Тэгээд тэр дүнзнүүдийг алтаар бүрээд, хөндлүүдийг тогтоох алтан гархинуудыг нь хийж, хөндлүүдийг алтаар бүрэв.
35Дараа нь тэр хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хийв. Үүний дээр уран хийц болох херубуудыг тэрээр хийв. 36Түүнд зориулаад тэрээр хуайс модоор дөрвөн багана хийгээд алтаар бүржээ. Дэгээнүүд нь алтан байв. Баганануудад зориулан тэрээр дөрвөн мөнгөн углуурыг цутгав.
37Тэр асрын үүдэнд хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар нэхмэл дэлгэц хийв. 38Мөн таван баганыг нь гадаснуудтай нь хамт хийж, тэдгээрийн орой болон холбоосуудыг нь алтаар бүрсэн агаад таван углуурыг хүрлээр хийжээ.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 36: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү