Езекиел 36

36
Израилийн ерөөл
1Хүний хүү! Израилийн уулсад эш үзүүл. “Израилийн уулс аа. ЭЗЭНий үгийг сонсогтун. 2Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Дайсан чиний эсрэг “Ха-ха, мөнхийн өндөрлөгүүд бидний өмч болов” гэж хэлсэн. 3Тиймээс эш үзүүл. Бас Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэд чамайг эзгүйрүүлж, бүхий л талаас чинь няцалсан нь чи бусад үндэстнүүдийн өмч болж, ард түмнүүдийн дунд базаахгүй үг, хэл амны бай болохын тулд юм» гэж хэл.» 4Тиймээс Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс толгодод, жалга хөндийнүүдэд, хоосорсон балгасуудад мөн эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, тэдэнд элэглэл болсон хаягдсан хотуудад ингэж айлдаж байна. 5Эзэн БУРХАН ийнхүү айлдахдаа «Үнэхээр хардалтынхаа гал дотор Би бусад үндэстнүүдийн, бүх Едомын эсрэг айлдсан. Тэд нутгийг минь олз болгон авахын тулд зүрхнийхээ угаас баярлан сэтгэлээрээ шоолон байж, өөрсдөдөө өмч болгон авчээ» гэв. 6Тиймээс Израилийн газрын тухай эш үзүүлж, уулс толгод, жалга хөндийнүүдэд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж «Харагтун. Та нар үндэстнүүдийн басамжлалыг тэвчсэн учир Би хардалт, хилэн дотроо айлдсан билээ» гэв.” 7Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нарыг хүрээлэн буй үндэстнүүд ичгүүрээ заавал үүрэх болно гэж Би тангарагласан. 8Харин Израилийн уулс аа, та нар мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ. 9Харагтун, Би чиний төлөө байгаа бөгөөд Би чам уруу эргэж, чи хагалагдан тариалагдах болно. 10Би чиний дээр хүмүүсийг, Израилийн бүх гэрийг бүгдийг нь олшруулна. Хотууд оршин суугчидтай болж, балгасууд сэргээн баригдана. 11Би чиний дээр хүн амьтныг олшруулна. Тэд олширч, үржих болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандана. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. 12Тийм ээ, Би Өөрийн ард түмэн израиль хүмүүсийг чам дээгүүр явуулж, чамайг эзэгнүүлнэ. Тийнхүү та нар дахин тэднийг хүүхдүүдээс нь хагацаахгүй өв нь болно.” 13Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Тэд чамд «Чи хүмүүсийг залгигч бөгөөд үндэстнээ хүүхдүүдээс нь хагацаасан» гэж хэлсэн учраас, 14чи дахин хүмүүсийг залгихгүй, дахин үндэстнээ хүүхдүүдээс нь хагацаахгүй.” Тийнхүү Эзэн БУРХАН тунхаглаж байна. 15«Би дахин чамд үндэстнүүдийн басамжлалыг сонсгохгүй. Чи дахин ард түмнүүдийн доромжлолыг үүрэхгүй. Чи үндэстнээ дахин бүдрүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв.
Израилийн шинэчлэл
16Тэгээд ЭЗЭНий үг надад ирж
17Хүний хүү! Израилийн гэр эх нутагтаа сууж байхдаа тэд замнал ба үйлсээрээ тэр газрыг бузарлав. Миний өмнө тэдний зам эмэгтэйн сарын тэмдгийн бузартал мэт байсан. 18Тиймээс тэрхүү газар дээр урсгасан цусны төлөө, түүнийг шүтээнүүдээрээ бузарласнаас нь болж Би хилэнгээ тэдний дээр асгасан. 19Би бас тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, тэд улс гүрнүүд даяар хөөгдсөн. Замнал ба үйлсийнх нь дагуу Би тэднийг шүүв. 20Тэд очих улсууддаа очмогцоо ариун нэрийг минь бузарлав. Учир нь тэдний тухай “Эдгээр нь ЭЗЭНий ард түмэн боловч Түүний газраас гарав” гэж яригдсан. 21Гэвч очсон үндэстнүүдийнхээ дунд Израилийн гэрийнхний бузарласан ариун нэрийнхээ төлөө Би санаа тавилаа. 22Тиймээс Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Израилийн гэр ээ. Би үйлдэл хийх гэж байгаа нь та нарын төлөө бус, харин очсон үндэстнүүдийнхээ дунд та нарын бузарласан ариун нэрийнхээ төлөө юм. 23Үндэстнүүдийн дунд бузарлагдсан, тэдний дунд та нарын бузарласан агуу нэрийнхээ ариуныг Би хамгаалах болно. Тэдний нүдэн дээр Би дунд чинь Өөрийнхөө ариуныг батлах үед үндэстнүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 24«Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно. 25Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.
26Тэгээд Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө. Би бие махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө.#Езк 11:19–20 27Би Сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ. 28Эцэг өвгөдөд тань Миний өгсөн газарт та нар амьдрах болно. Та нар ард түмэн минь болж, Би Бурхан чинь болно. 29Мөн Би та нарыг хамаг бузраас чинь аварна. Би үр тариаг дуудан үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна. 30Та нар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн улмаас тохуурхуулахгүйн тулд Би модны үр жимс, тариан талбайн ургацыг арвин болгоно. 31Тэгээд та нар ёрын муу замнал, сайн бус үйлсээ санаж, хилэнц, жигшүүрт үйлсийнхээ төлөө нүднийхээ өмнө өөрсдийгөө жигшинэ. 32Би үүнийг та нарын төлөө үйлдэж байгаа юм биш» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Энэ нь та нарт мэдэгдэг. Израилийн гэр ээ, замуудынхаа төлөө ичиж зовогтун» гэв. 33“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нарыг хамаг хилэнцээс чинь цэвэрлэх өдөртөө Би хотуудад хүмүүсийг суулгаж, балгаснуудыг дахин барьж босгоно. 34Зэлүүд газар нь дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар гэж үзэгдэж байхын оронд хагалагдах болно. 35Тэд “Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд, нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ. 36Тэгээд та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь ЭЗЭН Би нурсан газруудыг барьж засан хоосорч үгүйрсэн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. ЭЗЭН Би үүнийг айлдсан, үүнийг үйлдэх болно.» 37Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно. 38Тахилын сүрэг адил, Иерусалимын тогтоогдсон наадмуудын үеэр тэнд байдаг хонин сүрэг адил нурсан хотууд хүн сүргүүдээр дүүргэгдэнэ. Тэгээд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 36: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна