Эхлэл 1:1-31
Эхлэл 1:1-31 АБ2013
Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа. Тэгэхэд Бурхан —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов. Гэрэл сайн болсныг Бурхан харж, Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. Бурхан гэрлийг өдөр гэж нэрлээд, харанхуйг шөнө гэж нэрлэлээ. Ийн үдэш болоод, өглөө болсон нь анхны өдөр. Бурхан —Усны дундуур огторгуй байж, ийнхүү усыг уснаас салгатугай! гэж айлдав. Бурхан ингэж огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болов. Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болсон нь хоёр дахь өдөр. Бурхан —Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, ийн хуурай газар ил гартугай! гэсэнд ёсоор болжээ. Бурхан хуурайг нь газар, хуримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Ингээд Бурхан —Газар нь ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуултугай! гэж айлдсанд ёсоор болжээ. Газар нь ийнхүү ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь гурав дахь өдөр. Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байх болтугай! Эдгээр нь тэмдэг, улирал, өдөр, жилийн тулд байг. Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж газар дэлхийг гийгүүлэг! гэж айлдсанд ёсоор болжээ. Бурхан өдрийг захируулахаар нэг томхон гэрэлтүүлэгч, шөнийг захируулахаар арай багавтар гэрэлтүүлэгч, ийм хоёр том гэрэлтүүлэгчийг мөн оддыг бий болгов. Бурхан тэдгээрээр газар дэлхийг гэрэлтүүлэхээр тэнгэр огторгуйд тавьсан нь өдөр, шөнө хоёрыг захируулах бас гэрлийг харанхуйгаас салгахын тулд ажгуу. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь дөрөв дэх өдөр. Бурхан —Шунган шумбагч амьд биетээр уснууд цалгилтугай, бас шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйн мандалд нистүгэй! гэж айлдав. Ийнхүү Бурхан далай тэнгисийн аварга том амьтад ба уснаа шунган шумбагч амьд биетийг төрөл төрлөөр нь бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Бурхан тэднийг ерөөн —Үржиж, олширцгоог! Далай тэнгисийн усанд дүүрцгээг! Шувууд ч газар дэлхийд олширцгоог! хэмээв. Үдэш болоод, өглөө болсон нь тав дахь өдөр. Бурхан —Газар дэлхий амьд биетийг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь гаргатугай! гэж айлдсанд ёсоор болжээ. Бурхан ийнхүү газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Бурхан тэднийг ерөөж —Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв. Бурхан —Үзэгтүн, газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. Газар дэлхийн зэрлэг амьтан бүхэнд, огторгуйн шувуу бүхэнд, газраар мөлхөгч бүхэнд, амьтай амьсгалтай бүхэнд өвс ногоо бүгдийг хоол хүнс болгож өгье гэсэнд ёсоор болжээ. Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь зургаа дахь өдөр.