Эхлэл 22:1-14

Эхлэл 22:1-14 АБ2013

Үүний дараа Бурхан, Абрахамыг сорьж, түүнд —Абрахам аа! гэсэнд Абрахам —Харагтун, би энд байна гэжээ. Бурхан —Чи цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Тэнд түүнийг шатаалт тахил болгон Миний чамд зааж өгөх тэр нэг уулан дээр тахин шатаагтун гэв. Тэгээд Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг хүү Исаакийнхаа хамт дагуулж, шатаалт тахилын мод хагалж аваад Бурханы өөрт нь айлдсан тэр газар уруу явжээ. Гурав дахь өдөр нь Абрахам хараа өргөн, тэр нутгийг алсаас харав. Тэгээд Абрахам зарц залуустаа —Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ очиж мөргөчихөөд та нар уруу эргэж ирнэ гэв. Абрахам шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүлж, өөрөө гал, хутга хоёроо гартаа бариад хоёул хамт явжээ. Исаак эцэг Абрахамдаа хандан —Аав минь ээ! гэхэд тэрээр —Хүү минь, би энд байна гэсэнд Исаак —Хар даа, гал мод хоёр энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд Абрахам —Хүү минь, шатаалт тахилдаа зориулж Бурхан хургаар хангана гээд хоёул хамт явжээ. Бурханы айлдсан тэр газарт тэд хүрч ирээд, Абрахам тэнд тахилын ширээ босгож мод өрж тавиад, хүү Исаакаа хүлж тахилын ширээн дээрх модон дээр тавив. Абрахам гараа сунган, хүүгээ алахаар хутгаа авав. Тэгтэл тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч —Абрахам аа, Абрахам аа! гэж түүнийг дуудсанд —Харагтун, би энд байна гэв. Тэнгэрэлч —Хөвгүүний эсрэг гар бүү далай! Түүнд юу ч бүү хий! Учир нь чи хүүгээ, цорын ганц хүүгээ Надаас харамлаагүй тул чамайг Бурханаас эмээдгийг чинь одоо Би мэдлээ гэв. Абрахам хараагаа өргөн харвал, үзэгтүн, нэгэн хуц өтгөн бутанд эврээрээ тээглэсэн байжээ. Абрахам очиж, тэр хуцыг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгож тахин шатаав. Тэгээд Абрахам тэр газрыг “ЭЗЭН хангана” гэж нэрлэсэн учир хүмүүс өнөөг хүртэл “ЭЗЭНий ууланд хангагдах болно” гэж хэлдэг болжээ.

Эхлэл 22:1-14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв