Эхлэл 30

30
1Рахел өөрөө Иаковт хүү төрүүлж чадаагүйгээ хараад эгчдээ атаархаж, Иаковт
—Хүү өг. Хэрэв тэгэхгүй бол би үхнэ гэжээ. 2Иаков, Рахелд уурлан
—Чамд умайн үрийг эс зөвшөөрсөн Бурханыг би орлох хэрэг үү? гэсэнд 3Рахел
—Энд миний шивэгчин Билха байна. Түүн дээр ор! Тэр миний өвдөг дээр төрж, түүгээр би хүүхэдтэй болно гээд 4өөрийн шивэгчин Билхаг түүнд татвар эм болгон өгчээ. Иаков түүн дээр оржээ. 5Билха жирэмсэлж Иаковт хүү төрүүлж өгөв. 6Рахел
—Бурхан намайг зөвтгөж миний дууг сонсоод надад хүү хайрлалаа гээд түүнийг Дан#30:6 Дан: евр. “ивээлтэй зөвтгөл” гэснээс гаралтай. гэж нэрлэжээ. 7Рахелын шивэгчин Билха дахин жирэмсэлж, Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгөв. 8Рахел
—Би эгчтэйгээ ширүүн өрсөлдөж дийллээ гээд түүнд Нафтали#30:8 Нафтали: евр. “өрсөлдөөн” гэснээс гаралтай. гэдэг нэр өгчээ.
9Леа хүүхэд төрүүлэхийг больсноо хараад, шивэгчин Зилпагаа авч Иаковт татвар эм болгон өгчээ. 10Леагийн шивэгчин Зилпа, Иаковт хүү төрүүлж өгөв. 11Леа
—Ямар азтай вэ? гээд түүнийг Гад#30:11 Гад: евр. “аз” гэсэн утгатай. гэж нэрлэжээ. 12Леагийн шивэгчин Зилпа Иаковт хоёр дахь хүүгээ төрүүлж өгчээ. 13Леа
—Би баяр хөөртэй байна. Эмэгтэйчүүд намайг аз жаргалтай гэж дуудах болно гээд түүнийг Ашер#30:13 Ашер: евр. “жаргалтай” гэсэн утгатай. гэж нэрлэжээ.
14Буудай хураах үеэр Реубен гадагш гарч, талбайгаас хүндэс#30:14 хүндэс: Цэстэн овгийн энэ ургамлыг үр хүүхэд хайрладаг гэж үздэг байсан ба хайр дурлал, гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл байжээ. олоод, ээж Леадаа авчирч өгчээ. Рахел Леад
—Хүүгийнхээ олсон хүндэснээс надад өгөөч? гэв. 15Леа түүнд
—Миний нөхрийг авсан чинь багадаа юу? Чи бас миний хөвгүүний хүндсийг авах нь уу? гэв. Рахел
—Тэгвэл таны хүүгийн хүндэсний оронд өнөө шөнө миний нөхөр тантай унтаж болно гэв. 16Иаковыг талбайгаасаа үдэш эргэж ирэхэд Леа түүнтэй уулзахаар гараад түүнд
—Хүүгийнхээ хүндсээр би таныг зольж авсан учир өнөө шөнө над дээр орох ёстой гэв. Тэгээд тэр шөнө Иаков түүнтэй унтжээ. 17Бурхан, Леаг сонссон учир Леа жирэмсэлж тав дахь хүүгээ Иаковт төрүүлж өгөв. 18Леа
—Би шивэгчнээ нөхөртөө өгсөн тул Бурхан хөлсийг нь надад өглөө гээд түүний нэрийг Иссахар#30:18 Иссахар: евр. “хөлслөгдсөн эр” мөн “шагнал байна” гэснээс гаралтай. гэжээ. 19Леа дахин жирэмсэлж зургаа дахь хүүгээ Иаковт төрүүлж өгөв. 20Леа
—Бурхан надад сайхан бэлэг өглөө. Би нөхөртөө зургаан хүү төрүүлж өгсөн учир тэрээр надтай хамт амьдрах болно гээд түүнийг Зебулун#30:20 Зебулун: евр. “хүлээн зөвшөөрсөн” мөн “бэлэг” гэсэнтэй төстэй. гэж нэрлэжээ. 21Дараа нь тэрээр охин төрүүлээд түүнийг Дина гэж нэрлэв.
22Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод умайг нь нээж өгчээ. 23Тэгээд тэрээр жирэмсэлж хүү төрүүлээд
—Бурхан миний ичгүүрийг арилгаж өглөө хэмээн 24хүүгээ Иосеф#30:24 Иосеф: евр. “Тэр дахиад нэгийг өгөх байх” мөн “Тэр арилгалаа” гэснээс гаралтай. гэж нэрлээд
—ЭЗЭН надад бас нэг хүү нэмж өгөх болтугай! гэжээ.
Иаковын сүрэг өсөн дэвжив
25Рахел Иосефыг төрүүлэх үед Иаков Лабанд
—Намайг явуулаач. Намайг өөрийн нутаг, эх оронд минь буцаагаач! 26Миний танд зарцлагдаж байгаад авсан эхнэр, хүүхдүүдийг минь надад өгч, намайг явуулаач! Танд хэрхэн зарцлагдсаныг минь та мэднэ шүү дээ гэв. 27Лабан түүнд
—ЭЗЭН чиний төлөө намайг ерөөснийг би зөн совингоороо мэдсэн. Хэрэв би тааллыг чинь олсон бол 28чи ажлын хөлсөө өөрөө тогтоо. Би өгье гэж хэлэв. 29Иаков түүнд
—Би танд хэрхэн зарцлагдсаныг болон над дээр таны мал сүрэг ямар болсныг та мэднэ шүү дээ. 30Намайг ирэхийн өмнө таны эд хөрөнгө бага байсан, одоо үлэмж өсөн нэмэгдлээ. Алхам бүрд минь#30:30 ЭЗО-д хаа явсан газарт минь эсвэл надаас болж ЭЗЭН таныг ерөөсөн. Би одоо хэзээ өөрийнхөө гэр орны төлөө ажиллах юм бэ? гэв. 31Лабан
—Би чамд юу өгөх вэ? гэсэнд Иаков
—Надад юу ч бүү өг! Хэрэв миний төлөө энэ зүйлийг хийвэл би таны мал сүргийг дахин хариулж хамгаалъя. 32Өнөөдөр би таны хонин сүргийн дундуур явж алаг, цоохор, хар хоньд бас алаг, цоохор ямаануудыг ялган авна. Тэдгээр нь миний хөлс болно. 33Дараа нь та хөлсний талаар намайг шалгах гэж ирэхэд миний үнэнч шударга байдал намайг гэрчилж батлах болно. Ямаан сүргийн дунд алаг болон цоохор биш ямаа, хонин сүргийн дунд хар биш хонь байвал бүгдийг нь намайг хулгайлсанд тооцоорой гэсэнд 34Лабан
—За, чиний хэлсэн ёсоор болъё! гэв. 35Лабан тэр өдрөө алаг, цоохор эр ямаа мөн харлаг, хар цоохор эм ямаа, хар хоньдыг ялган, хөвгүүдийнхээ гарт өгчээ. 36Тэрээр Иаковаас гурав хоногийн зайтай газар бууж, Иаков Лабаны үлдсэн хонин сүргийг хариулсаар байлаа.
37Иаков бургас, гүйлс, уянгат модны залуу ногоон мөчрийг аваад, хальсыг нь хуулан, цагаан судал гаргажээ. 38Тэрээр хальсыг нь хуулсан мөчрүүдээ худгийнхаа онгоцнуудын дэргэд босгож, ус уухаар ирсэн хонины эгц өмнө нь байхаар тохируулжээ. Хоньд ус уух үед 39мөчрийн өмнө хээл авсан тэдгээр хоньд алаг, эрээн цоохор хурга гаргажээ. 40Иаков хургануудыг ялгаж, Лабаны хонин сүргээс алаг, хар зүсмийн хоньдыг Лабаны сүргийн нөгөө талд нь ялгав. Өөрийнхөө сүргийг Лабаны сүрэгтэй холилдуулалгүй тусгаарлав. 41Тарга хүчтэй хоньд хээл авах үед Иаков сүргийн нүдний өмнө, онгоцонд нөгөө мөчрөө тавьж, тэдгээр хоньд мөчрийн дэргэд хээлтдэг байжээ. 42Харин хоньд тарга хүчгүй байвал нөгөө мөчрөө тавьдаггүй байв. Ингээд тарга хүчгүй хонь нь Лабаных болж, тарга хүчтэй хонь нь Иаковынх болжээ. 43Ингэж тэр хүн арвинаас арвин хөрөнгө, олон мал сүрэг, эрэгтэй эмэгтэй зарц нар, тэмээ бас илжигтэй болжээ.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 30: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү