Эхлэл 46

46
Иаковынхан Египет явсан нь
1Тэгээд Израиль хамаг хөрөнгө хогшилоо авч хөдлөөд, Беершебад ирж эцэг Исаакийнхаа Бурханд нядлах тахил тахив. 2Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж
—Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков
—Би энд байна гэж хариулав. 3Бурхан
—Би Бурхан байна. Чиний эцгийн Бурхан байна. Чи Египет уруу явахаасаа бүү ай. Би тэнд чамайг агуу үндэстэн болгоно. 4Би чамтай хамт Египетэд очоод, чамайг заавал буцааж авчирна. Иосеф өөрийн гар дээр чамайг нүд аниулах болно гэжээ.
5Иаков Беершебагаас хөдөлжээ. Израилийн хөвгүүд эцгийг нь авчруулахаар Фараоны илгээсэн тэргэнд эцэг Иаков болон эхнэр хүүхдүүдээ суулгажээ. 6Тэд бас мал сүргээ, Канаан нутагт хуримтлуулсан эд хөрөнгөө авав. Иаков болон түүний үр удам бүгдээрээ Египетэд очлоо.#Үйл 7:15 7Ийнхүү Иаков хөвгүүд, ач хөвгүүд, охид, ач охид болон бүх үр удмаа дагуулаад Египетэд очжээ.
8Египетэд очсон Израилийн гэр бүлийнхний нэр ийм билээ. Иаков болон Иаковын ууган хүү Реубен. 9Реубений хөвгүүд Ханох, Паллу, Хезрон, Карми. 10Симеоны хөвгүүд Иемуел, Иамин, Охад, Иахин, Зохар, канаан эмэгтэйгээс төрсөн Шаул. 11Левийн хөвгүүд Гершон, Кохат, Мерари. 12Иудагийн хөвгүүд Ер, Онан, Шела, Перез, Зера нар бөгөөд харин Ер, Онан хоёр Канааны нутагт үхжээ. Перезийн хөвгүүд Хезрон ба Хамул. 13Иссахарын хөвгүүд Тола, Пува, Иов болон Шимрон. 14Зебулуны хөвгүүд Серед, Елон, Иахлеел билээ. 15Эд бүгд Паддан-Арамд Леагийн Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд түүний охин Дина, түүний охид, хөвгүүд бүгд нийлээд гучин гурван хүн байв. 16Гадын хөвгүүд нь Зифион, Хагги, Шуни, Езбон, Ери, Ароди, Арели билээ. 17Ашерын хөвгүүд нь Имна, Ишва, Ишви, Бериа, тэдний охин дүү нь Сера болой. Бериагийн хөвгүүд нь Хебер, Малхиел хоёр. 18Эдгээр нь Лабан өөрийн охин Леад авч өгсөн Зилпагийн Иаковт төрүүлж өгсөн арван зургаан хүн билээ. 19Иаковын эхнэр Рахелын хүүхдүүд нь Иосеф, Бениамин хоёр юм. 20Оны тахилч Потиферагийн охин Асенатаас Египет нутагт Иосефт төрүүлж өгсөн Манассе, Ефраим хоёр.#Эх 41:50–52 21Бениамины хөвгүүд нь Бела, Бехер, Ашбел, Гера, Нааман, Ехи, Рош, Муппим, Хуппим, Ард билээ. 22Эд бүгд Иаковт Рахелын төрүүлж өгсөн хөвгүүд билээ. Бүх хүн нийлээд арван дөрвүүл юм. 23Даны хүү нь Хушим. 24Нафталийн хөвгүүд нь Иахзеел, Гуни, Иезер, Шиллем. 25Эдгээр нь Лабан өөрийн охин Рахелд авч өгсөн Билхагаас Иаковт төрүүлж өгсөн хөвгүүд бөгөөд бүгд долоон хүн юм. 26Египетэд Иаковтай хамт ирсэн хүмүүс нь түүний бэрүүдээс гадна жаран зургаан хүн байв. Эдгээр нь бүгд Иаковаас гарсан хүмүүс юм. 27Египетэд төрсөн, Иосефын хөвгүүн хоёр бөгөөд Египетэд ирсэн Иаковынхан бүгд далан хүн болой.#Үйл 7:14
Иаков Гошенд суурьшив
28Иаков Гошен уруу замчлуулахаар Иудаг урьдаар Иосефт илгээж, улмаар тэд Гошен нутагт хүрэлцэн иржээ. 29Иосеф сүйх тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнийг өмнөө үзэгдмэгц хүзүүдэн авч, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав. 30Израиль Иосефт
—Чиний амьд байгааг харж, царай зүсийг чинь үзсэнээс хойш би одоо үхсэн ч яах вэ гэв. 31Иосеф өөрийн ах дүү нар болон эцгийнхэндээ
—Би очиж Фараонд хэлье. Би түүнд “Канаанд байсан ах дүү нар болон эцгийнхэн маань над дээр хүрч ирлээ. 32Тэд бол хоньчид, угаасаа мал малласаар ирсэн улс. Тэд мал сүргээ, хамаг эд хөрөнгөө авч иржээ” гэе. 33Фараон та нарыг дуудаж “Та нар юу хийдэг улс вэ?” гэж асуухаар нь, 34египетчүүдэд хоньчид жигшүүртэй байдаг тул та нар “Таны зарц нар болон бидний эцэг өвгөд хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ” гэж хэлээрэй. Тэгвэл та нарыг Гошен нутагт байлгах болно гэв.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 46: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү