Эхлэл 7:1-24
Эхлэл 7:1-24 АБ2013
ЭЗЭН, Ноад —Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөвт байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ бүхээгт ор. Чи бүх цэвэр амьтны төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь, бузар амьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь өөртөө ав. Бас газар дэлхий даяар үр удмыг нь амьд үлдээхийн тулд тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудын төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь ав. Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв. Ноа өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийжээ. Дэлхий дээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа. Ноа хөвгүүд, эхнэр, бэрүүдтэйгээ хамт үерийн усны улмаас бүхээгтээ оржээ. Цэвэр амьтад, бузар амьтад, шувууд болон газраар мөлхөгч бүхэн Бурханы тушаасан ёсоор эр эм, хос хосоороо Ноад очиж, бүхээгт нь оржээ. Тэгээд долоо хоногийн дараа дэлхийд үерийн ус буув. Ноагийн амьдралын зургаан зуу дахь жилийн хоёр дахь сард, уг сарын арван долооны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ. Дөчин өдөр, дөчин шөнийн турш дэлхий дээр бороо асгарав. Яг тэр өдөртөө Ноа, түүний хөвгүүд Шем, Хам, Иафет, Ноагийн эхнэр болон гурван бэр нь бүхээгтээ оров. Мөн тэд болон бүх араатан амьтад төрөл төрлөөрөө, бүх мал адгуус төрөл төрлөөрөө, бүх газраар мөлхөгч төрөл төрлөөрөө, бүх жигүүртэн шувууд төрөл төрлөөрөө, амин амьсгаатай бие махбодтой бүхэн хос хосоороо Ноад очиж, бүхээгт нь оржээ. Орсон болгон нь бие махбодтой бүхний эр эмүүд байв. Ноад Бурханы тушаасан ёсоор тэднийг бүхээгт орсонд ЭЗЭН араас нь хаажээ. Газар дэлхий дээр дөчин хоног үер бууж, ус нэмэгдэхэд бүхээг газраас дээш хөвөн гарч ирэв. Ус улам ихсэн газар дээгүүр бялхан хальж, бүхээг усны мандал дээр хөвлөө. Газар дэлхий дээрх ус улам хүчтэй хальж, тэнгэрийн доорх өндөр уулс бүгд усаар бүрхэгджээ. Ус арван таван тохой дээш өргөгдөж, уулс усаар бүрхэгдлээ. Газар дэлхий дээр хөдлөгч хамаг бие махбодтон буюу жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан, газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүн төрөлхтөн үхжээ. Хуурай газар дээр байдаг, хамартаа амин амьсгаатай бүхэн үхэв. Ингээд Тэрээр хүн төрөлхтнөөс авахуулаад араатан амьтад, газраар мөлхөгч, тэнгэр огторгуйн жигүүртэн шувуудыг хүртэл газар дээрх хамаг амьтныг арчин зайлуулсан бөгөөд тэд бүгд газрын хөрснөөс арчигджээ. Гагцхүү Ноа болон түүнтэй хамт бүхээгт байгсад л үлджээ. Ус зуун тавин хоногийн турш дэлхий дээр хальж байв.