Еврей 4

4
Бурханы амласан амралт
1Ингэхээр Түүний амралтад орох амлалт байгаа учраас та нараас хэн нэгэн нь өөрийгөө түүнд хүрсэнгүй гэж санах вий гэдгээс эмээцгээе. 2Учир нь сайнмэдээ бидэнд тунхаглагдсаны адил тэдэнд ч бас тунхаглагдсан. Гэтэл тэдний сонссон үг нь тэдэнд тус болсонгүй. Яагаад гэвэл сонсогчдын дотор үг нь итгэлээр холбогдоогүй ажээ. 3Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний
“Би хилэн дотроо «Миний амралтад тэд эс орно» гэж андгайлсан”
гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралтад ордог.#Дуу 95:11 4Учир нь Тэр долоо дахь өдрийн тухай хаа нэгтээ “Бурхан бүх ажлаасаа долоо дахь өдөртөө амарчээ” гэжээ.#Эх 2:2 5Тэнд бас “Миний амралтад тэд эс орно” гэсэн байна.#Дуу 95:11 6Иймд тийш орох зарим нь үлдсэн бөгөөд урьд нь сайнмэдээ сонссон нь дуулгаваргүйгээсээ болж орж чадаагүй учир
7“Өнөөдөр та нар Түүний дууг сонсвол,
Зүрхээ бүү хатууруул”
гэж урьд айлдсаныхаа адилаар Тэр удаан хугацааны дараа Давидаар “өнөөдөр” хэмээн хэлүүлж, дахин нэгэн өдрийг тогтоов.#Дуу 95:7–8 (LXX) 8Учир нь Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр өөр өдрийн тухай ярихгүй байхсан.#Дх 31:7; Иош 22:4 9Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. 10Учир нь Бурхан Өөрийн ажлаас амарсны адил хэн Түүний амралтад орно, тэр нь ажлаасаа амарсан юм.#Эх 2:2 11Иймд дуулгаваргүйн өнөөх жишээгээр хэн нэгэн нь уначихгүйн тулд тэрхүү амралтад орохыг хичээцгээе. 12Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. 13Түүний хараанаас нуугдах нэг ч бүтээл үгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тооцоотой.
Аугаа Тэргүүн тахилч Есүс
14Иймээс тэнгэрт заларсан аугаа Тэргүүн тахилч болох Бурханы Хүү Есүс бидэнд байгаа тул хүлээн зөвшөөрдөг итгэлээ бат баримталъя. 15Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ. 16Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгооё.

Одоогоор Сонгогдсон:

Еврей 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү