Еврей 7
7
Мелхизедекийн тахилчийн үүрэг
1Энэхүү Мелхизедек гэгч нь Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм.#Эх 14:17–20 2Абрахам ч түүнд бүх юмнаас аравны нэгийг таслан өгчээ. Нэрийг нь орчуулбал, эхлээд “Зөвт байдлын хаан”, дараа нь Салемын хаан буюу “Амар тайвны хаан” авай. 3Тэр эцэггүй, эхгүй, ураг удамгүй, эхлэлийн өдөр ч үгүй, амийн төгсгөл ч үгүй, харин Бурханы Хүүтэй адил болгогдож үүрд тахилчаар байдаг ажээ. 4Өвөг Абрахам олзноосоо аравны нэгийг түүнд өгсөн. Тэр хүн ямар агуу байсныг харагтун. 5Тахилчийн үүргийг хүлээн авдаг Левийн хөвгүүд өөрсдийн ах дүү нараас буюу Абрахамын удмаас гаралтай хүмүүсээс аравны нэгийг цуглуулах хуулийн тушаалтай билээ.#Тоо 18:21 6Харин тэднээс угсаалсан бус ч Абрахамаас аравны нэгийг хурааж, амлалттай нэгнийг тэр ерөөсөн юм. 7Бага нь агуу нэгнээрээ ерөөгддөг нь маргаангүй. 8Энд үхэх хүмүүс аравны нэгийг авдаг юм бол, тэнд амьд гэж гэрчлэгдсэн нь авдаг байна. 9Аравны нэгийг хүлээн авагч Леви хүртэл Абрахамаар дамжуулан аравны нэгийг өгсөн гэж хэлж болох юм. 10Учир нь Абрахам Мелхизедектэй уулзах үед Леви эцгийнхээ ууцанд байсан билээ.
Мелхизедектэй адил тахилч
11Төгс төгөлдөр байдал нь Левийнхний тахилчийн үүргээр ирдэг байсан юм бол (Учир нь үүн дээр үндэслэн хүмүүст хууль өгдөг байв) юунд Аароны хэргэмийн дагуу нэрлэгдэлгүй, Мелхизедекийн хэргэмийн дагуу#7:11 5:6 тайлбар үз гарч ирэх өөр тахилч цаашид хэрэгтэй болов? 12Тахилчийн үүрэг өөрчлөгдөхөд хууль ч өөрчлөгдөх зайлшгүй байдал бий болдог. 13Тиймээс түүний тухай эдгээр зүйлс яригдаж буй тэр хүн өөр овогт харьяалагдсан бөгөөд тэр овгоос хэн ч тахилын ширээнд үйлчлээгүй юм. 14Учир нь бидний Эзэн бол Иудагаас гаралтай нь тодорхой бөгөөд тэр овогт хамаатай тахилч нарын талаар Мосе юу ч хэлсэнгүй. 15Мелхизедектэй адил өөр тахилч гарч ирсэн бол энэ нь улам ч тодорхой юм. 16Тэрээр махбодод хамаатай тушаалын хуулиар бус, харин мөхөшгүй амийн хүчээр гарч ирсэн юм. 17Тиймээс
“Мелхизедекийн хэргэмийн дагуу#7:17 5:6 тайлбар үз
Чи мөнхийн тахилч юм”
гэж гэрчилсэн байна.#Дуу 110:4 18Энэ нь нэг талаар урьдын тушаалыг дорой ба ашиггүйгээс нь болж хүчингүй болгож буй бөгөөд 19(учир нь хууль юуг ч төгс болгосонгүй) нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж, үүгээр бид Бурханд ойртдог. 20Андгайгүй биш тул, 21(үнэндээ тэд андгайгүйгээр тахилч нар болсон ажээ. Харин Тэр Өөрт нь
“Эзэн андгайлсан бөгөөд
Санаагаа өөрчлөхгүй.
Чи бол мөнхийн тахилч”
гэж айлдсан Нэгэний тангаргаар болсон юм)#Дуу 110:4 22тийнхүү Есүс илүү сайн гэрээний батлан даагч болов.
23Нэг талаас, урьдын тахилч нар үй олноороо байсан ч тэднийг ажилаа үргэлжлүүлэхэд нь үхэл саад болж байв. 24Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул үл өөрчлөгдөх тахилчийн үүрэгтэй. 25Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг. 26Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн тахилч байх нь зохилтой байв. 27Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Яагаад гэвэл Тэрээр Өөрийгөө бүгдийн төлөө тахил болгохдоо үүнийгээ нэгмөсөн хийжээ.#Лев 9:7 28Хууль нь мөхөс хүмүүсийг тэргүүн тахилчаар томилдог бол хуулийн дараа ирсэн тангаргийн үг нь харин мөнхөд төгс болсон Хүүг томилдог билээ.
Одоогоор Сонгогдсон:
Еврей 7: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.