Исаиа 13

13
Вавилоны эсрэг тунхаглал
1Амозын хүү Исаиагийн үзсэн, Вавилоны тухай зөн.#Иса 47:1–15; Иер 50:1—51:64
2Нүцгэн толгодын дээр туг босгож,
Дуугаа тэдэн уруу өндөрсгөн
Гараа дохиж тэднийг ноёдын үүд уруу оруул!
3Би уур хилэнгээ гүйцэлдүүлэхийн тулд
Өөрийн ариусгасан нэгэнд тушаал өгсөн.
Өргөмжлөл дотор минь баясдаг
Хүчирхэг дайчдаа дуудсан.
4Олон хүний хөл үймээн мэт
Уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан,
Хамтдаа цугларсан үндэстнүүд,
Хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан!
Түг түмдийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг
Цуглуулж байна.
5Тэд алс холын орноос,
Тэнгэрийн хязгаараас ирж байна.
ЭЗЭН ба Түүний зэвүүцлийн зэвсэг
Бүх газрыг устгахаар ирж байна.
6ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун!
Төгс Хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.#Иое 1:15
7Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна.
8Тэд айж түгшин өвчин зовлон тэднийг барина.
Тэд төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилна.
Тэд балмагдан бие биенээ харж,
Царай нь галын дөл лугаа адил шатна.
9Газрыг хоосруулж, түүний нүгэлтнүүдийг устгах
Аймшигт, уур хилэнгээр бадарсан ЭЗЭНий өдөр ирж байгааг харагтун.
10Тэнгэрийн одод болон түүний ордууд гэрлээ эс өгөх бөгөөд
Нар мандахдаа харанхуйлж, сар гэрлээ үл тусгана.#Езк 32:7; Мт 24:29; Мк 13:24–25; Лк 21:25; Илч 6:12–13
11Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг,
Хилэнцийнх нь төлөө буруутныг Би шийтгэнэ.
Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно.
Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжилна.
12Би хүнийг цэвэр алтнаас ч илүү үнэтэй болгон
Хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно.
13Би тэнгэрийг донсолгоно.
Түг түмдийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр
Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.
14Хүн бүр хөөгдсөн гөрөөс,
Эзэнгүй хонь лугаа адил
Өөрийн хүмүүс тийш эргэж,
Төрөлх нутаг уруугаа зугтана.
15Олдсон хүн бүрийг жадалж,
Олзлогдсон хүн бүрийг илдээр хорооно.
16Нялхсыг ч нүдний нь өмнө хэмх чулуудан
Орон байрыг нь тонож,
Эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.
17Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч,
Алтыг үл таашаагч медечүүдийг#13:17 медечүүд: Вавилоны зүүн хойд зүгт байсан энэ үндэстэн Персийн нэгэн хэсэгт болсон байдаг.
Тэдний эсрэг хөдөлгөнө.
18Нум нь залуусыг хиаруулан
Хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө.
Тэдний нүд хүүхдийг ч эс энэрнэ.
19Хаанчлалуудын чимэг,
Халдеичуудын бахархлын алдар Вавилон нь
Содом, Гоморраг Бурхан унагасан шиг унана.#Эх 19:24
20Хэзээ ч тэнд хүн эс оршин сууж,
Үеэс үед үл амьдарна.
Арабууд тэнд майхнаа эс барина,
Хоньчид сүргээ үл хотлуулна.
21Харин тэнд цөлийн амьтад л хэвтэж,
Байшингууд нь шар шувуугаар дүүрч,
Тэнд тэмээн хяруул амьдарч,
Годрон буг тэнд бүжнэ. #Иса 34:14; Зеф 2:14; Илч 18:2
22Бэхэлсэн цамхгуудад нь зэрлэг ноход,
Баян тансаг харшид нь цөөвөр чоно улина.
Тэр цаг удахгүй ирнэ,
Тэр өдөр үл хойшлогдоно.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 13: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү