Исаиа 3

3
1Харагтун,
Түг түмдийн БУРХАН Эзэн,
Өөрийн хангамж, туслалцааг
Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна.
Талхны бүх хангамж,
усны бүх хангамж,
2Хүчит эрс болон дайчид,
шүүгчид ба эш үзүүлэгч,
төлгөч ба ахлагч,
3тавьтын ахлагч ба хүндэт хүн,
зөвлөгч ба уран зураач бас чадварлаг илбэчдийг ч гэсэн зайлуулна.
4Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож,
Эрх хүүхдүүд тэднийг захирна.
5Ард олон дарлагдаж,
Хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж,
Залуус нь өвгөд уруугаа,
Захирагдагсад нь хүндэт хүмүүс уруугаа дайрна.
6Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч
“Чамд нөмрөг бий.
Чи удирдагч маань бол.
Энэ балгаснууд чиний гар дор орно” гэж хэлэхэд
7Тэр өдөр өнөөх хүн дуугаа өндөрсгөн
“Би эмч болохгүй.
Манай гэрт талх ч байхгүй, нөмрөг ч байхгүй.
Тиймээс намайг ард түмний удирдагчаар томилох ёсгүй” гэх болно.
8Юу гэвэл, Иерусалим бүдэрч,
Иуда уналаа.
Учир нь хэл болон үйлс нь
ЭЗЭНий эсрэг байж,
Сүр жавхлант оршихуйнх нь эсрэг тэрсэлжээ.
9Тэдний царайны хувирал
Өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг.
Тэд Содомын адилаар нүглээ дэлгэн үзүүлдэг.
Өөрсдийнхөө дээр ёр мууг авчирсан тэд золгүй еэ!
10Сайн сайхан түүнтэй хамт байна гэдгийг
Зөв хүмүүст хэлэгтүн.
Учир нь тэд үйлдлийнхээ
Үр жимсийг идэх болно.
11Гэм буруутнууд золгүй еэ!
Муу муухай нь түүнтэй хамт байх болно.
Учир нь тэрээр хүртэх ёстойгоо хүртэх болно.
12Ард түмэн минь!
Хүүхдүүд тэднийг дарлаж,
Эмэгтэйчүүд тэднийг захирдаг.
Ард түмэн минь,
Та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж,
Замыг чинь будлиулж байна.
13ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож,
Хүмүүсийг шүүхээр зогслоо.
14Ард түмнийхээ ахлагчид бас ноёдтой хамт
ЭЗЭН шүүхэд орж байна.
“Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн.
Ядуусаас дээрэмдсэн олз чинь гэрт тань бий.
15Ард түмнийг минь дарлаж,
Ядуусын нүүрийг түлнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ?” гэж
Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.
16ЭЗЭН ийнхүү айлдав.
“Сионы охид бардам учраас толгойгоо өргөөд
Өдсөн харцаар ширтэн алхаж,
Хөл дэх гархиа хүртэл жингэнүүлэн
Ихэмсгээр алхалж байна.
17Ийм учраас Эзэн
Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно.
ЭЗЭН магнайг нь нүцгэлнэ”.
18Тэр өдөр Эзэн, хөл дэх гархи, толгойн зүүлт, саран хэлбэрт чимэглэл, 19ээмэг, бугуйвч, гивлүүр, 20малгай, хөлийн гинж, бүс, сүрчигний хайрцаг, сахиус, 21хурууны бөгж, хамрын гархи, 22ёслолын хувцас, гадуур цамц, нөмрөг, мөнгөний түрийвч, 23толь, дотуур хувцас, алчуур, гивлүүр зэргийг бүгдийг нь авч хаяна.
24Анхилуун сүрчиг нь өмхий ус,
Бүс нь олс, гоёмсог зассан үс нь халцарсан хуйх,
Сайхан хувцас нь тааран өмсгөл болж
Үзэсгэлэн гоог ичгүүрийн тамга орлоно.
25Танай эрчүүд илдэнд,
Танай хүчтэнүүд дайнд унана.
26Үүдэн хаалга нь гашуудан уйлж,
Хаягдсан тэрээр газар дээр сууна.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү