Исаиа 30
30
Египетийг түшээд нэмэргүй
1“Хөөрхий еэ, нүгэл дээр нүгэл нэмэхийн тулд
Надгүйгээр төлөвлөгөө зохиож,
Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч,
Дуулгаваргүй хөвгүүд” гэж ЭЗЭН айлдаж байна.
2Тэд амыг минь асуулгүйгээр
Фараоны хамгаалалтад хоргодохоор
Египетийн сүүдэрт орогнох газар хайн Египет уруу явсан.
3Гэвч Фараоны хамгаалалт та нарт ичгүүр,
Египетийн сүүдэрт орогнох нь гутамшиг болно.
4Учир нь ноёд нь Зоанд байгаа бөгөөд
Элчингүүд нь Ханест хүрч ирсэн.
5Өөрсдөд нь тусламж, ашиг бус,
Ичгүүр зэмлэл болох,
Ашиггүй ард түмнээс болж
Хүн бүр ичих болно.
6Негевийн араатнуудын тухай зөн.
Тэд эрслэн ба арслан,
Хорт ба нисдэг галт могой гарч ирдэг
Айдас, зовлон шаналангийн газраар дамжиж,
Баялгаа илжигний нуруунд тохон,
Эрдэнэсээ тэмээний хомонд ачин
Өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.
7Тусламж дэмжлэг нь ашиггүй хоосон
Египет уруу хүртэл зөөж байна.
Тиймээс Би түүнийг
“Юунд ч нэмэргүй Рахаб” гэж нэрлэсэн.
Тэрслүү ард түмэн
8Одоо очиж, ирэх өдрүүдэд үүнийг
Үүрдийн гэрчлэл болгохын тулд
Тэдний өмнө самбар дээр тэмдэглэж,
Номд бич.
9Учир нь тэд тэрслүү ард түмэн,
Хуурамч хөвгүүд бөгөөд
ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.
10Тэд үзмэрчдэд “Бүү үз” гэж,
Эш үзүүлэгчдэд
“Зөвийг бидэнд бүү эш үзүүл!
Бидэнд тааламжит үгийг ярь,
Зэрэглээг эш үзүүл! гэдэг.
11Замаа орхиж, жимээсээ гарагтун!
Израилийн Ариун Нэгэний тухай
Цаашид бидэнд бүү сонсго!” гэдэг.
12Ийм учраас Израилийн Ариун Нэгэн
Ийнхүү айлдаж байна.
Та нар энэ үгийг няцааж,
Дарлалд найдаж,
Заль мэхэнд түшиглэсэн учраас,
13Энэхүү хилэнц нь та нарт
Гэнэт эгшин зуур сүйрэх,
Өндөр хананы овойчихсон цуурал лугаа адил байх болно.
14Энэ нь хайр найргүй бутлагдсан,
Ваарчны савны хагархай мэт байх агаад,
Зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч
Үлдэгдлээс нь эс олдоно.
15Израилийн Ариун Нэгэн, Эзэн БУРХАН айлдахдаа
“Гэмшил ба амар тайван дунд
Та нар аврагдах болно.
Үнэнч итгэл ба чимээгүй байх нь
Та нарын хүч мөн” гэлээ.
Гэвч та нар хүсээгүй.
16“Үгүй, бид мориор зугтана” гэж та нар хэлсэн.
Тиймээс та нар зугтана.
“Бид хурдан хүлгээр давхина” гэж та нар хэлэв.
Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.
17Гэвч та нар уулын орой дээрх тугийн иш шиг үлдэж,
Толгод дээрх тэмдэг мэт болох хүртэлээ
Нэг хүний сүрдүүлгээр мянган хүн чинь зугтаж,
Таван хүний заналхийллээр
Та нар зугтах болно.
Бурханы амлалт
18ЭЗЭН, та нарт нигүүлсэнгүй хандан
хүлээж байна.
Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн
өндөрт байж байна.
Учир нь ЭЗЭН шударга ёсны Бурхан.
Түүнийг хүлээгчид нь
бүгдээрээ ерөөгдсөн ажээ!
19Иерусалимд оршин суугч, Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө. 20Хэдийгээр Эзэн та нарт шаналангийн талх, чангалангийн усыг өгсөн боловч та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар Багшийгаа нүдээрээ харах болно. 21Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, араас чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэх үгийг чих чинь сонсоно. 22Та нар мөнгөөр бүрсэн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн цутгамал хөргүүдээ жигшин, тэдгээрийг бохир живх мэт хаяад “Далд орог” гэж хэлнэ. 23Дараа нь газарт тариалах үрслэгээнд чинь зориулан Тэр бороо оруулна. Газрын ургац буюу хоол хүнс элбэг дэлбэг болно. Тэр өдөр мал сүрэг чинь уудам бэлчээрт идээшилнэ. 24Мөн газарт ажиллуулдаг шар, илжигнүүд утгуур ба шигшигч савраар шигшсэн давсалсан тэжээл иднэ. 25Цамхгууд унах их аллагын өдөр аливаа сүрлэг уул болоод өндөр толгод бүр дээр гол горхи урсана. 26ЭЗЭН ард түмнийхээ бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөрт сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болно.
Ассирийн эсрэг шүүлт
27Үзэгтүн, ЭЗЭНий нэр алс холоос ирж байна.
Уур нь шатаж, утаа нь өтгөрч,
Уруул нь зэвүүцлээр дүүрч,
Хэл нь түймэрдэгч галтай адил байна.
28Үндэстнүүдийг шүүлтүүр дотор
Хойш урагш нь сэгсчин
Сүйрэл уруу төөрүүлэх хазаарыг
Хүмүүсийн аманд хийхийн тулд
Түүний амьсгал халин үерлэх урсгал мэт
хүзүүнд тулна.
29Найр наадам хийж буй шөнийнх шиг чи дуу хууртай байх болно. ЭЗЭНий уул, Израилийн хад уруу лимбийн аялгуунд алхах шиг зүрх сэтгэл чинь баясна. 30ЭЗЭН дуу хоолойн сүр хүчийг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор мутраа буулган үзүүлнэ. 31Тэрээр шийдмээр цохиход, Ассири ЭЗЭНий дуу хоолойд бяц цохигдоно. 32Тэдний дээр буулгах ЭЗЭНий шийтгэлийн таягийн цохилт бүр нь хэнгэрэг, босоо ятгын аялгуунд байх болно. Дайнд Тэр зэвсгээ далайн, тэдэнтэй байлдана. 33Учир нь шатаах газар эртнээс зэхэгджээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Тэр үүнийг асар том, гүнзгий хийжээ. Галын нүх нь түлээгээр дүүрэн байв. ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцооно.
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 30: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.