Исаиа 32
32
Шударга засаглалыг зөгнөв
1Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан
Ноёд нь шударгаар захирна.
2Хүн бүр салхинаас хоргодох газар,
Шуурганаас халхлах халхавч,
Хуурай газрын усны суваг,
Ангасан газар дахь өндөр хадны сүүдэр адил байх болно.
3Тэгээд хараатай хүмүүсийн нүд хаагдахгүй,
Сонсох чихтэй нь сонсох болно.
4Адгуу хүний зүрх
Мэдлэгийг ялган таньж,
Хэлгий хүний хэл нь
Тод ярих гэж яарна.
5Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй,
Зальт этгээдийг өглөгч гэхгүй.
6Учир нь тэнэг хүн утгагүй юм ярьдаг.
Тэр өлсгөлөн хүний сэтгэлийг хоосруулж,
Ундаасагчийг ундаар дутаахын тулд
ЭЗЭНий эсрэг буруу ярьж,
Жигшүүрт явдлыг үйлдэхээр
Зүрх нь ёс бусыг зохиодог.
7Зальт этгээдийн зэвсэг нь ёрын муу билээ.
Хэдийгээр ядуу нэгэн шударгыг яривч,
Худал хуурмаг үгсээр
Үгээгүйчүүдийг хөнөөхийн тулд
Булай санааг тэрээр зохиодог.
8Харин сурвалжит хүн
Уужим сэтгэж, түүн дээрээ тогтдог.
Маадгар эмсэд сануулах нь
9Маадгар эмс ээ.
Босож, дуу хоолойг минь сонс,
Ихэрхүү охид оо, үгэнд минь чих тавь!
10Жил гаруйхны дотор
Ихэрхүү та нар зовох болно.
Учир нь усан үзмийн ургац хураалт төгсөж,
Жимс хураалт болохгүй.
11Маадгар эмс ээ, цочирд,
Бардам охид оо, зов!
Хувцсаа тайлан нүцгэлж,
Бэлхүүсээрээ таар ороо!
12Үржилтэй талбай,
Шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлд!
13Ард түмний минь нутаг,
Сундуу бут, өргөст бутаар дүүрэх газрын төлөө,
Баясгалант хот, жаргалтай бүх гэрүүдийн төлөө гашууд!
14Учир нь орд харш хаягдан
Их шуугиант хот мартагдан
Хэрэм цамхгууд нь үүрд
Малын бэлчээр, хулангийн хороо болно.
15Өндрөөс, дээрээс маань Сүнс цутгах хүртэл,
Зэлүүд газар нь үржил шимтэй талбай болж,
Үржил шимтэй талбай нь ой мод мэт болтол
Тийм байх болно.
Бурханы хаанчлалын амар амгалан
16Тэгээд шударга ёс нь цөлд оршиж,
Үнэн зөв нь үржилтэй талбайд байна.
17Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж,
Үнэн зөвийн үр дүн нь
Үүрдийн амар амгалан,
аюулгүй байдал болно.
18Ард түмэн минь амар тайван орчинд,
Аюулгүй гэрүүдэд,
ажин түжин газарт амьдарна.
19Ойд мөндөр орж
Хот доош шигдэх болно.
20Бүх усны дэргэд үр суулгаж,
Шар, илжгээ чөлөөтэй идээшлүүлэх
Та нар юутай ивээлтэй байх бол!
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 32: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.