Исаиа 44
44
Сонгогдсон Израиль
1Харин одоо, Миний боол Иаков аа,
Миний сонгосон Израиль аа, сонсогтун.
2Чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон,
Чамд туслах ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Бүү айгтун Миний боол Иаков аа,
Миний сонгосон Иешурун аа!
3Учир нь Би ангамал газар дээр ус асгаж,
Хуурай газар горхи урсгана.
Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж,
Хойч үед чинь ерөөлөө өгнө.
4Тэд усны урсгалын дагуух
Улиангар мод мэт өвсөн дунд соёолно.
5Нэг нь “Би ЭЗЭНийх” гэнэ.
Нөгөө нь Иаковын нэрээр дуудагдаж,
Өөр нэг нь гар дээрээ “ЭЗЭНийх” гэж бичин
Израилийн нэрээр овоглоно.
6ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч,
Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Би эхэн бас Би эцэс.
Надаас өөр Бурхан байхгүй.#Иса 48:12; Илч 1:17, 22:13
7Хэн Над шиг юм бэ?
Би эртний хүмүүсийг бий болгосноос хойшхыг
Тэр дуудаж, тунхаглаад,
Надад дэс дараагаар нь тоочигтун.
Айсуй ирээдүйн зүйлсийг ч тэр тэдэнд зарлаг.
8Бүү түгшигтүн. Бүү мэгд.
Би эртнээс чамд үүнийг сонсгож,
Тунхагласан биш үү?
Та нар гэрчүүд минь юм.
Надаас өөр Бурхан байна уу?
Өөр Хад байхгүй,
Би мэдэхгүй.”
Шүтээнд мөргөхүйн төөрөгдөл
9Сийлмэл хөргүүд үйлдэгсэд бүгд юу ч биш бөгөөд эрхэмлэдэг зүйлс нь ямар ч ашиггүй. Гэрч нар нь ч хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно. 10Юунд ч ашиггүй бурхан, цутгамал хөргийг хэн үйлдсэн бэ? 11Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь ч мөн хүмүүн билээ. Тэд бүгд цугларч ирээд, зогсог. Тэд түгшиж, цөмөөрөө ичих болно. 12Төмрийн дархан багаж зэвсгээрээ цогшсон нүүрсэн дээр бүтээлээ хийж, шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирдан, уух усгүй бол ядарна. 13Мужаан модон дээр шугам татаж, зоруулаар дагуулан тэмдэглээд дараа нь зүсэгчээр өөлж, гортигоор дугуйлж тэмдэглэн сайхан төрхтэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг. 14Тэрээр хуш модыг тайрч, нарс, царс модыг ойгоос сонгож авдаг. Тэрээр гацуур тарьж, бороо түүнийг нь ургуулдаг. 15Тэр нь хүний түлш болдог. Хүн тэрнээс нь авч өөрийгөө дулаацуулдаг. Талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдэж, өмнө нь сунаж унадаг. 16Хагасаар нь тэр гал түлж, хагасаар нь мах шараад, цадталаа иддэг. Мөн тэр дулаацаад, “Би дулаацлаа. Би гал үзлээ” гэж хэлдэг. 17Харин үлдэгдлээр нь тэр, бурхан, сийлмэл хөргөө, хийж, өмнө нь сунаж унадаг аж. Бас түүндээ залбиран “Та миний бурхан учир намайг авраач” гэж хэлдэг. 18Тэднийг харахгүй байлгахаар нүдийг нь, ойлгохгүй байлгахаар зүрхнүүдийг нь Тэр хаасан тул тэд үл мэднэ, эс ойлгоно. 19Үүнийг зүрхэндээ эс оруулах бөгөөд “Би үүний хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барилаа. Би мах шарж идлээ. Үлдсэнээр нь би бузар юм хийх үү? Энэ модны тайрдасны өмнө сунаж унах хэрэг үү?” гэж хэлэх мэдлэг, ухаан тэдэнд байхгүй. 20Тэр үнсээр тэжээгдэнэ. Хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлсэн учир тэрээр сэтгэлээ чөлөөлөөд, “Баруун гарт минь худал байгаа бус уу?” гэж хэлж үл чадна.
Израиль мартагдахгүй
21Чи боол минь учраас
“Иаков болон Изриаль аа,
Эдгээрийг санагтун.
Би чамайг бүтээсэн.
Чи Миний боол.
Израиль аа, Би чамайг мартахгүй.
22Би гэмт үйлдлийг чинь өтгөн үүл мэт,
Нүглийг чинь үүл мэт арчин хаяв.
Би чамайг аварсан учир
Над уруу эргэгтүн”
23ЭЗЭН үүнийг хийсэн учир
Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ.
Чангаар хашхирагтун, газрын гүн ээ.
Түрэн баярлан хашхирагтун,
уулс, ой болон тэндхийн бүхий л модод оо.
Учир нь ЭЗЭН Иаковыг аварсан бөгөөд
Израиль дотор алдаршина.
24Чиний Аврагч, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон.
ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Би бүхнийг бүтээгч ЭЗЭН.
Би Өөрөө тэнгэрийг сунгаж,
Дэлхийг ганцаараа дэлгэсэн.
25Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг хэрэгсэхгүй,
Мэргэ төлгөчдийг мунхаг болгож,
Мэргэдийг буруу харуулан эргүүлж,
Мэдлэгийг нь мунхаглал болгодог.#1Ко 1:20
26Би боолуудынхаа үгийг баталж,
Элч нарынхаа зорилгыг гүйцэтгэдэг.
Би Иерусалимд «Чи оршин суугчидтай болно»,
Иудагийн хотуудад «Та нарыг босгох бөгөөд
Нуранги балгаснуудыг Би дахин босгоно» гэж хэлдэг.
27Би тэнгисийн гүнд
«Хатагтун. Би урсгалуудыг чинь ширгээнэ» гэж айлддаг.
28Би Корешт
«Миний хоньчин, бүх хүслийг минь гүйцэтгэнэ» гээд,
Иерусалимд «Чи босгогдоно»,
Сүмд «Суурь чинь тавигдана» гэж айлддаг.”#2Шс 36:23; Езр 1:2
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 44: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.