Исаиа 52
52
Сион баясаг
1Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо, хүч чадлаар хувцаслагтун.
Ариун хот Иерусалим аа, үзэсгэлэнт хувцсаа өмс.
Учир нь, хозлуулаагүй, бузар нь
Цаашид чам уруу орохгүй.#Илч 21:2,27
2Шороогоо гөвөөд бос, Иерусалим аа.
Хүзүүн дэх гав гинжээ мултал,
олзлогдсон Сион охин оо.
3ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үнэгүйгээр та нар худалдагдсан, мөнгөгүйгээр бас золигдоно.” 4Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Эхэнд нь ард түмэн минь Египет уруу цагаачлахаар одсон. Эцэст нь ассиричууд тэднийг учир шалтгаангүйгээр дарласан. 5“Ард түмэн минь шалтгаангүйгээр аваачигдсан байхад одоо Би энд юу хийж байна аа?” гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэднийг захирагчид улилдан өдөр бүр нэрийг минь үргэлжлэн доромжилсоор” хэмээн ЭЗЭН айлдаж байна.#Ром 2:24 6“Тиймээс ард түмэн минь Миний нэрийг мэдэх болно. Тиймээс тэр өдөр «Энэ бол Би» гэж айлдагч нь Би юм.”
7Амар тайвныг сонордуулж,
Сайн сайхныг мэдээлж
Авралыг сонсгож,
“Чиний Бурхан хаанчлах нь ээ” гэж Сионд өгүүлэх
Сайнмэдээ авчрагчийн хөл
Уулсын дээр юутай үзэсгэлэнтэй?#Нах 1:15; Ром 10:15; Еф 6:15
8Харуулууд чинь дуугаа өргөн
Хамтдаа баяр хөөртэйгөөр уухайлна.
ЭЗЭНийг Сионд эргэж ирэхэд
Түүнийг тэд нүд нүдээрээ үзнэ.
9Иерусалимын балгасууд аа,
ЭЗЭН ард түмнээ тайвшруулж,
Иерусалимыг зольж авсан тул
Баялалдан хамт дуулцгаа.
10ЭЗЭН ариун мутраа
Хамаг үндэстний нүдэн дээр ил гаргав.
Газрын бүх хязгаар Бурханы маань авралыг үзнэ.
11Яв, яв. Тэндээс гар!
Бузар юманд бүү хүр!
Тэндээс гараад, цэвэр бай!
ЭЗЭНий сав суулгыг тээгчид ээ #2Ко 6:17
12Харин та нар яарч гарахгүй,
дүрвэж зугтахгүй.
Учир нь ЭЗЭН өмнө чинь явна.
Израилийн Бурхан ар талыг чинь хамгаална.
Зовж шаналагч Зарц
13Үзэгтүн,
Зарц минь ухаалгаар үйлдэнэ.
Тэр өргөмжлөгдөж,
Өргөгдөн маш өндөрт гарна.
14Төрх нь аливаа хүнийхээс,
Галбир нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул
Олон хүн Түүнээс болж хиртхийв.
15Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно
Түүнээс болж хаад амаа хамхина.
Учир нь, мэдээгүй тэд харах болно
Сонсоогүй тэд ухварлах болно.#Ром 15:21
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 52: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.