Исаиа 9
9
Айсуй Хааны зөвтийн хаанчлал
1Харин зовлонтнуудад дахин харанхуй болохгүй. Урьдын цагт Тэр Зебулун нутаг ба Нафталийн нутгийг жигшүүр байлгасан бол хожим нь харийнхны нутаг Галил, Иорданы нөгөө тал, тэнгисийн замыг сүр жавхлантай болгоно.#Мт 4:15
2Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв.
Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав.#Мт 4:16; Лк 1:79
3Та энэ үндэстнийг олшруулан
Баяр хөөрийг нь бадраажээ.
Ургац хураахын баяраар
Олз хуваахын хөөрөөр
Таны оршихуйд тэд баярлалдму.
4Учир нь тэднийг дарамтлах буулгыг,
Мөрөн дээрх дөнгийг нь,
Дарангуйлагчийнх нь ташуурыг
Мидианы өдрийнх адил Та эвджээ.
5Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг,
Цусанд булхсан хувцас бүхнийг
Галын түлш мэт шатаана.
6Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж,
Бидэнд Хүү өгөгдсөн аж.
Засаглал Түүний мөрөн дээр байж,
Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч,
Хүчит Бурхан,
Мөнхийн Эцэг,
Энхийн Жонон гэж дуудна.
7Давидын сэнтий дээр Түүний хаанчлал дээгүүр
засаглал хийгээд амар тайван нь тэлэхүйд эцэс үгүй.
Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг
өдгөөгөөс өнө мөнхөд тогтоон тулна.
Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл
үүнийг гүйцэлдүүлэх болно.#Лк 1:32–33
Ихэрхэл ба дарлалын эсрэг шүүлт
8Эзэн Иаковын эсрэг үг илгээв.
Энэ нь Израиль дээр буув.
9Ефраим болон Самарийн оршин суугчид
Бүгд үүнийг мэддэг.
Зүрхний бардамнал, их зангаар
Тэд ярихдаа:
10“Тоосгонууд эвдрэн нурсан ч,
Бид гөлгөр чулуугаар дахин барина.
Ялам мод огтлогдсон ч,
Бид хуш модоор орлуулна” гэдэг.
11Ийм учраас ЭЗЭН тэдний эсрэг дайснуудыг нь
Резинээс өдөөн босгох болно.
12Дорно зүгээс арамчууд,
баруун зүгээс филистчүүдийг явуулахад
Тэд амаа ангайлган Израилийг залгина.
Энэ бүхнээс үл хамааран
Уур хилэн нь эргэхгүй,
Мутраа сунгасан хэвээр байна.
13Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн уруу буцаж эргэдэггүй,
Түг түмдийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.
14Тиймээс ЭЗЭН Израилиас толгой, сүүлийг нь тастаж,
Ганцхан өдөрт далдуу модны
Иш, мөчрийг нь тас огтолно.
15Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс,
Сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм.
16Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж
Тэднээр удирдуулагсад нь самуурч үлддэг.
17Тиймээс Эзэн тэдний залуусыг ч энэрэхгүй.
Өнчин, бэлэвснийг нь ч Тэр өрөвдөхгүй.
Учир нь тэд бүгдээрээ сүсэг бишрэлгүй агаад буруу мууг үйлдэгчид ажээ.
Ам болгон мунхаг зүйл ярьж байна.
Энэ бүхнээс болоод
Түүний уур хилэн эргэхгүй,
Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.
18Учир нь гэм буруу нь гал мэт шатаж,
Сундуу бут ба өргөст бутыг түймэрддэг.
Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож,
Дээшээ утаан багана мэт хөөрнө.
19Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр
Газар хуйхлагдах бөгөөд
Хүмүүс галын түлш мэт юм.
Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.
20Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээр.
Тэд зүүн гарт байгаагаа идэвч үл цадна.
Тэд ураг төрлийнхөө махыг иднэ.
21Манассе Ефраимыг,
Ефраим Манассег залгина.
Тэд хамтарч Иудагийн эсрэг босно.
Энэ бүхнээс болж
Түүний уур хилэн эргэхгүй,
Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 9: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.