Шүүгчид 18

18
Дан овгийнхон хөдлөв
1Тэр өдрүүдэд Израильд хаан гэж хараахан байсангүй. Тэр үед Дан овгийнхон суурьших өвийн нутгаа хайсаар байв. Учир нь тэр өдрийг хүртэл Израилийн овгууд дунд тэдэнд өвийн газар ногдоогүй байлаа. 2Иймд Даны хөвгүүд өөрсдийн ургийг төлөөлүүлж, нийтийн дундаас Зора болон Ештаолын таван зоригт#18:2 эсвэл тохирох эрийг газар нутаг тандаж судлуулахаар илгээж, тэдэнд
—Явж, газрыг тандагтун гэв. Тэд Ефраимын ууланд Микагийн гэрт ирж, тэндээ хоноглов. 3Тэд Микагийн гэрийн ойролцоо байхдаа леви залуугийн аялгууг таньжээ. Тэгээд тэд тийш замаасаа хэлбийж, түүнд
—Хэн чамайг энд авчрав? Энд чи юу хийж байгаа юм бэ? Юунд энд байж байгаа билээ? гэцгээв. 4Тэр тэдэнд
—Тэр намайг хөлсөлж, би түүний тахилч болсон юм. Мика надад эдгээрийг үйлдэв гэж өчив. 5Тэд түүнд хандан
—Бидний аян зам бүтэмжтэй болж, бид зорьсондоо хүрэх эсэхийг бидэнд мэдүүлэхийг Бурханаас асууж өгнө үү? гэв. 6Тахилч тэдэнд
—Амар тайван явагтун. Та нарын аян зам ЭЗЭНий мэлмий дор гэв. 7Тэгээд таван эр цааш яван, Лаишид хүрч, тэндхийн ард олон сидон хүмүүсийн адил санаа зовох юмгүй, амар тайван сууж буйг харав. Энэ газарт хөрөнгөөрөө хохирсон эсвэл хохироон булаасан хүн аль аль нь үгүй ажээ. Тэд сидон хүмүүсээс алс төдийгүй бусадтай ч холбоо харьцаагүй байв.#18:7 магадлалтай хэсэг: Тэдэнд хэрэгтэй бүхэн нь байв; Еврейд нь энэ тодорхой бус. 8Туршуулууд Зора болон Ештаолд буй ах дүү нар дээрээ буцаж ирэхэд ах дүүс нь
—Та нар яав? гэсээр угтлаа. 9Тэд
—Босоцгоо, тэдэн уруу довтолцгооё. Бид тэр газрыг үзсэн. Маш сайн газар байна. Та нар юу ч хийхгүй байх гэж үү? Явахдаа хойргошилгүй харин тэр нутагт нэвтрэн орж эзэмшилдээ ав! 10Та нар яваад ажиг сэжиггүй ард олон дээр хүрч очно. Бас нутаг нь бүх талаараа өргөн уудам. Хорвоод байдаг ямар ч зүйлээр дутагддаггүй нутгийг Бурхан та нарын гарт өгчээ гэв. 11Тэгээд Даны ургаас зэвсэг агссан зургаан зуун хүн Зора ба Ештаолоос мордов. 12Тэд явсаар Иудагийн Кириат-Иеаримд хуарагнав. Тийм учраас тэд энэ өдрийг хүртэл тэр газрыг Махане-дан гэж нэрлэсэн юм. Харагтун, энэ нь Кириат-Иеаримын ар талд буй. 13Тэд тэндээс явж өнгөрөн Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт хүрэв.
14Тэгээд Лаиш нутгийг тандахаар явсан таван хүн нь ах дүүстээ хандан
—Эдгээр гэрийн дотор ефод, гэрийн шүтээн, сийлмэл болон цутгамал хөрөг дүрсүүд байгааг та нар мэдсэнээс хойш хэрхэхээ мэдтүгэй гэв. 15Тэд эргэн яваад, нөгөө залуу леви хүний гэрт буюу Микагийн гэрт орж түүний амар мэндийг асуув. 16Даны хөвгүүдээс зэвсэг агссан зургаан зуун эрс хаалганы нь үүдэнд зогсож байлаа. 17Тахилч нь зэвсэг агссан зургаан зуун хүний хамт хаалганы үүдэнд зогсож байх зуур тэр газрыг тагнахаар явсан таван хүн дээш гаран дотогш орж сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүд болон цутгамал хөрөг дүрсийг авав. 18Тэдгээр хүмүүс Микагийн гэрт орж, сийлмэл хөрөг дүрс, ефод, гэрийн шүтээнүүдийг болон цутгамал хөрөг дүрсийг авсанд тахилч тэднээс
—Та нар юу хийж байгаа нь энэ вэ? гэж асуув. 19Тэд түүнд
—Дуугүй бай! Гараараа амаа таглаад, бидний хамт явж, бидэнд эцэг бөгөөд тахилч бологтун. Чамд ганц хүний гэрийн тахилч байх нь дээр үү, эсвэл Израилийн овог болон ургийн тахилч байх нь дээр үү? гэв. 20Тахилчийн сэтгэл баярлан хөөрч, тэрээр ефод, гэрийн шүтээнүүд, сийлмэл хөрөг дүрсийг авч, хүмүүсийн дунд орж явлаа. 21Ингээд тэд эргэн, хүүхэд багачууд, мал хөрөнгө, үнэт зүйлсээ урдаа оруулан аян замаа үргэлжлүүлэв. 22Тэд Микагийн гэрээс нэлээд холдсон хойно Мика хөрш айлуудын эрсийг дуудан цуглуулж, Даны хөвгүүдийн араас хөөж гүйцэв. 23Даны хөвгүүд уруу хашхиралдсанд тэд эргэж хараад, Микад
—Чи эднийг дуудан цуглуулаад яах гээв? гэсэнд 24Мика
—Та нар миний бүтээсэн бурхад болон миний тахилчийг авч явчихаад надад юу үлдээсэн юм бэ? Тэгээд та нар надад “Чи яах гээв?” гэж хэлж хэрхэн чадаж байна вэ? гэлээ. 25Даны хөвгүүд Микад
—Дуугаа аяд. Эс тэгвэл догшин хилэнтэй эрчүүд бид чамд халдаж чи өөрийнхөө амийг гэрийнхнийхээ амьтай хамт алдах болно гэв. 26Тэднийг өөрөөс нь илүү хүчтэйг Мика хараад, эргэн гэр өөдөө буцлаа. Ингээд Даны хөвгүүд замаа хөөн одов.
Дан овгийнхон Лаишид суурьшив
27Тэд Микагийн бүтээсэн юмсыг болон түүний тахилчийг авч, Лаишид ирэв. Тэгээд тэнд амар амгалан бөгөөд ажиг сэжиггүй хүмүүс дээр ирж, тэднийг илдний ирээр цохиж, хотыг галдан шатаав. 28Тэр хот Сидоноос алслагдсан төдийгүй хэн нэгэнтэй харилцаагүй байсан учир тэднийг аврах хүн ганц ч байсангүй. Тэр хот Бет-рехобын ойролцоо хөндийд байв. Тэд хотыг дахин сэргээн босгож, тэндээ суурьшив. 29Тэд тэр хотыг Израильд төрсөн өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан гэж нэрлэжээ. Урьд нь Лаиш гэдэг байж. 30Газар нутаг нь боолчлогдох өдрийг хүртэл Даны хөвгүүд өөрсдөдөө зориулан сийлмэл шүтээнийг босгов. Манассегийн хөвгүүн Гершомын хүү Ионатан ба түүний хөвгүүд Дан овгийн тахилч нар байв. 31Ийнхүү Бурханы өргөө Шилод байх бүх өдрүүдэд тэд Микагийн бүтээсэн сийлмэл хөрөг дүрсийг өөрсдөдөө зориулан тавьдаг байв.

Одоогоор Сонгогдсон:

Шүүгчид 18: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү