Шүүгчид 7
7
Гидеон мидианчуудыг ялав
1Дараа нь Иеруббаал (буюу Гидеон) болон түүний хамт байсан бүх ард олон эртлэн босож Хародын булгийн дэргэд хуарагнан буув. Мидианчуудын цэргийн хуаран хөндийд, тэднээс умард зүгт Морегийн толгойн хажууд байлаа. 2ЭЗЭН, Гидеонд
—Мидианчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль “Би өөрийн гараар өөрийгөө аварсан” гэж Намайг эсэргүүцэн сайрхах вий. 3Тиймээс одоо ард олны чихэнд “Айж сүрдэж байгаа хэн боловч буц, Гилеад уулаас эртхэн холдогтун” гэж тунхагла гэв. Ингэхэд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв.#Дх 20:8 4ЭЗЭН, Гидеонд
—Ард олон мөн л дэндүү олон байна. Тэднийг ус уруу дагуулан аваач. Тэнд Би тэднийг чиний төлөө шалгая. Миний чамд “Энэ нь чамтай хамт явна” гэж хэлсэн хүн чамтай хамт явах болно. Харин чамд “Энэ нь чамтай хамт явж болохгүй” гэж хэлсэн бүхэн явах ёсгүй гэж айлдлаа. 5Ингээд Гидеон ард олныг ус уруу дагуулан авчрав. ЭЗЭН, Гидеонд
—Нохой шиг, хэлээрээ ус долоох хүн бүрийг чи нэг талд гарга, өвдөг дээрээ бөхийн ус ууж буй хүмүүсийг түүнчлэн салангид байлга гэв. 6Амандаа гараараа ойртуулан долоогч хүний тоо гурван зууд хүрэв. Харин үлдсэн хүмүүс бүгд өвдөг дээрээ бөхийн ус ууж байлаа. 7ЭЗЭН, Гидеонд
—Ус долоогч гурван зуун хүнээр Би та нарыг аварч, мидианчуудыг чиний гарт өгнө. Харин үлдсэн бүх хүнийг гэр гэрт нь хариул гэж айлдав. 8Тиймээс тэд бусдынхаа замын хүнс болон эвэр бүрээг гартаа авчээ. Гидеон Израилийн бүх эрчүүдийг өөр өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулж, харин гурван зуун хүнийг тэр тэндээ авч үлдэв. Мидианы цэргийн хуаран нь түүний доор, хөндийд байв. 9Тэр шөнөдөө ЭЗЭН, Гидеонд
—Бос, тэр цэргийн хуаран уруу оч. Би түүнийг чиний гарт өгсөн. 10Хэрэв чи явахаасаа айж байвал өөрийн зарц Пуратай хамт цэргийн хуаран уруу оч. 11Чи тэдний юу ярилцаж байгааг сонс. Ингэсний дараа гар чинь хүчирхэгжиж чи хуаран уруу бууж очиж чадах болно гэв. Тэгээд Гидеон, зарц Пурагийн хамт хуаран дахь харуулын захад бууж ирэв. 12Мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд царцаа мэт олноороо ханаран байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй олон байв. 13Гидеон тэнд очиход, харагтун, нэгэн хүн найздаа зүүдээ ярьж байв. Тэр
—Үзэгтүн, би нэгэн зүүд зүүдэллээ. Харагтун, зүүдэнд арвайн гурилаар хийсэн нэгэн бин мидианчуудын цэргийн хуаранд өнхөрч ирэв. Тэр өнхөрч ирээд майханд хүрч мөргөсөнд майхан нурж унасан ба бин түүнийг хөмрүүлэн нураав гэв. 14Тэгэхэд түүний найз нь
—Энэ чинь израиль хүн, Иоашийн хөвгүүн Гидеоны илднээс гарцаагүй. Мидиан болон бүх цэргийн хуаранг Бурхан түүний гарт өгчээ гэж хариулав. 15Гидеон зүүдний өгүүлэл болон тайллыг нь сонсоод сөгдөн мөргөв. Тэгээд Израилийн цэргийн хуаранд буцаж ирээд
—Босогтун! ЭЗЭН, Мидианы хуаранг та нарын гарт өгчээ гэж тунхаглав. 16Тэгээд тэр гурван зуун хүнээ гурван бүлэгт хувааж, хүн бүрийн гарт эвэр бүрээ болон хоосон ваар бариулж, ваарны дотор бамбар хийлгэв. 17Гидеон тэдэнд
—Намайг харж, дуурайн үйлдэгтүн. Харагтун. Би цэргийн хуарангийн захад хүрээд юуг үйлдэнэ та нар ч мөн адил үйлдэгтүн. 18Би болон надтай хамт байгчид бүгд эвэр бүрээ үлээхэд та нар ч бас хуаранг бүхэлд нь тойрон эвэр бүрээг үлээж дуугарган, “ЭЗЭНий төлөө, Гидеоны төлөө” хэмээн хашхирагтун гэв. 19Ингээд Гидеон болон түүнтэй хамт байсан зуун хүн шөнө дундын харуул эхлэх цагт хуарангийн захад хүрэв. Тэнд харуул дөнгөж солигдоод байв. Тэд эвэр бүрээгээ үлээж хүнгэнүүлэн, гартаа байсан ваарыг цохиж хагалав. 20Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, ваараа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ барин чанга үлээж
—Илд ээ, ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө гэж чангаар хашхирав. 21Тэд цэргийн хуаранг хүрээлэн, хүн бүр өөрийн байранд зогсоцгоов. Тэгтэл хуаран даяараа гүйлдэн, бархирч орилолдон зугтав. 22Гурван зуун хүнийг эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд цэргүүд Зерерагийн зүг орших Бет-шитта болон Таббатын ойролцоох Абел-мехолагийн хил хязгаар хүртэл зугтацгаав. 23Нафтали, Ашер болон бүх Манассегаас хамтдаа дуудагдсан израиль эрчүүд Мидианы араас мөшгөн хөөв. 24Гидеон, Ефраимын бүхий л уулархаг нутгаар элч нарыг илгээн
—Мидианчуудыг довтлохоор буун ирж Иордан болон Бет-барагийн усыг тэдний өмнө булаан авагтун гэсэнд Ефраимын бүх эрчүүд хамтдаа дуудагдан, Иордан болон Бет-барагийн усыг булаан авав. 25Тэд мидианчуудыг нэхэн хөөж байхдаа Мидианы хоёр ноён Ореб болон Зеебийг олзолж, Оребыг Оребын хадан хавцалд, Зеебийг Зеебийн усан үзмийн шахуурга дээр алаад тэдний толгойг Иорданы нөгөө талд буй Гидеонд авчрав.
Одоогоор Сонгогдсон:
Шүүгчид 7: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.