Иеремиа 31

31
Буцаж ирэхүйн баяр хөөр
1“Тэр үед Би Израилийн бүх ургийн Бурхан байж, тэд ард түмэн минь болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
2ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Илднээс амьд үлдсэн хүмүүс нь
Цөлд нигүүлслийг олсон, амралтаа хайхаар явсан Израиль юм”
3ЭЗЭН түүнд холоос үзэгдэн
“Би чамайг үүрдийн хайраар хайрласан.
Тиймээс Би чамайг хайр энэрлээр татсан билээ.
4Би чамайг дахин барьж,
Чи дахин баригдах болно, онгон охин Израиль аа!
Чи дахин товшууруудаа авч,
Баярлан цэнгэгчдийн бүжигт очно.
5Чи дахин Самарийн толгод дээр
Усан үзмийн цэцэрлэгүүдийг суулгана.
Тариаланчид тарьж, таашаах болно.
6Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд
«Босоцгоо, Сион өөд Бурхан ЭЗЭНдээ очицгооё» гэж хашхирах өдөр ирнэ”
7Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж,
Үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун.
Тунхаглан магтаалыг өргөж,
«Аяа ЭЗЭН, Израилийн үлдэгсэд болох ард түмнээ авраач» гэж хэл.
8Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирч байна.
Би тэднийг дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулна,
Тэдний дунд сохор ба доголон,
Жирэмсэн эмэгтэй ба төрөхөөр өвдөж буй эмэгтэй
Бүгд хамтдаа байх болно.
Бөөн хүмүүс, тэд энд буцаж ирнэ.
9Тэд уйлан ирж,
Би тэднийг гуйлтаар удирдана.
Би тэднийг урсгал усны хажуугаар,
Бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна.
Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд
Ефраим бол ууган хүү минь юм”
10Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож,
Алс холын эргүүдэд тунхаглан
“Израилийг тараасан Нэгэн түүнийг цуглуулан
Хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг
Түүнийг хамгаална” гэж хэлцгээ.
11Учир нь ЭЗЭН Иаковыг зольж,
Түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн.
12Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана.
Тэд ЭЗЭНий хишиг, үр тариа, шинэ дарс, тос, мал сүргийн үр төлийн улмаас гэрэлтэнэ.
Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж,
Тэд дахин хэзээ ч доройтохгүй.
13Тэгээд онгон охин мөн залуу ба хөгшин хүн
Хамтдаа бүжиглэн баярлана.
Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож,
Тэднийг тайвшруулан
Зовлонгийнх нь оронд тэдэнд
Баяр хөөрийг өгнө.
14Би тахилч нарын сэтгэлийг тос нүнжигээр дүүргэж,
Ард түмэн минь Миний сайн сайхнаар хангалуун байх болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
15ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов.
Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна.
Тэд нь үгүй болсон тул
Тэрээр тайтгарал авахыг үл хүсэв.”#Эх 35:16–19; Мт 2:18
16ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Уйлахаас дуу хоолойгоо,
Нулимснаас нүдээ тэвчин барь.
Учир нь үйлс чинь шагнагдана” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэд дайсны нутгаас буцаж ирнэ.
17Та нарын ирээдүйд найдвар бий” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Хүүхдүүд нутаг дэвсгэртээ буцаж ирнэ.
18Би Ефраимыг
«Та намайг гэсгээсэн бөгөөд
Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн.
Та миний Бурхан ЭЗЭН тул
Намайг буцаан авчраач,
Ингэснээр би сэргээгдэнэ.
19Учир нь би буцаж эргэсний дараа гэмшсэн билээ.
Би зааварлуулсны дараа гуяа алгадсан.
Би залуу үеийнхээ гутамшгийг үүрсэн тул
ичиж, дорд болгогдсон» хэмээн
Гашуудаж байхыг нь үнэхээр сонслоо.
20Ефраим хайрт хүү минь мөн үү?
Тэрээр тааламжит хөвгүүн мөн үү?
Үнэхээр Би түүний эсрэг ярих бүрдээ
Би түүнийг лавтайяа санадаг.
Тийм болохоор зүрх сэтгэл минь түүнд тэмүүлдэг.
Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
21“Өөртөө замын тэмдгүүдийг тавьж,
Дохио тэмдгүүдийг байрлуул.
Оюун бодолоо явсан зам уруугаа,
Их зам уруу чиглүүл.
Эргэж ирээч, онгон охин Израиль аа,
Өөрийнхөө эдгээр хотод эргэж ирээч.
22Итгэлгүй охин, чи хэр удаан
Үүгээр түүгээр явах юм бэ?
Учир нь ЭЗЭН дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв.
Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ.”#31:22 Сүүлчийн шад еврейдээ тодорхой бус.
23Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон хотуудад нь дахин нэг удаа
«Зөв шударгын гэр, ариун толгод оо,#31:23 Ариун толгод: Иерусалим дахь ЭЗЭНий өргөө болон ордны нэг хэсэг болсон Сион уул.
ЭЗЭН чамайг ерөөх болтугай!» гэх энэ үгийг хэлэх болно.
24Иуда болон бүх хот нь, тариачин болон хонин сүрэгтэйгээ нүүдэллэгчид хамтдаа түүн дотор амьдарна. 25Учир нь Би ядарч эцсэн хүмүүсийг хангаж, сульдсан хүмүүсийг сэргээдэг.” 26Тэгэхэд би сэрээд харсан бөгөөд миний нойр надад тааламжтай байв.
Хувьчилсан шийтгэл
27“Үзэгтүн, Би Израилийн гэр болон Иудагийн гэрийг хүний үр ба адгуус амьтны үрээр тарьж суулгах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 28“Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж мөн гай гамшгийг авчрахын тулд Би харсан шигээ барьж, тарьж ургуулахын тулд Би тэднийг харна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 29“Тэдгээр өдрүүдэд тэд
«Эцгүүд гашуун усан үзэм иджээ.
Харин хүүхдүүдийнх нь шүд мохно» гэж дахин хэлэхгүй.#Езк 18:2
30Гэвч хүн бүр хилэнцийнхээ улмаас үхнэ. Гашуун усан үзмийг иддэг хүн бүрийн шүд нь мохох болно.”
Шинэ гэрээ
31ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна.#Мт 26:28; Мк 14:24; Лк 22:20; 1Ко 11:25; 2Ко 3:6 #Евр 8:8–12 32Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдний хань нөхөр нь атал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ нь адилгүй юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 33“Гэвч тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.#Евр 10:16 34Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”#Евр 10:17
35Гэрэл болгож өдрөөр нарыг,
Шөнөөр сар болон оддыг
тогтоогдсон зарлигаар өгдөг,
Давалгааг нь хүржигнэтэл далайг хутгадаг
ЭЗЭН ингэж айлдаж байна.
Нэр нь түг түмдийн ЭЗЭН.
36“Хэрэв энэ тогтоогдсон зарлиг
Миний өмнөөс холдвол,
Израилийн үр удам бас Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
37ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хэрэв дээрх тэнгэрүүд хэмжигдэж,
Доорх газрын сууриуд тооцоологдож чадвал,
Би ч бас Израилийн бүх үр удмыг
Үйлдсэн бүгдийнх нь төлөө зайлуулна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Иерусалим тэлэх болно
38“Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелийн цамхгаас Булангийн гулдан хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 39“Хэмжүүр шугам нь цаашаа чигээрээ Гареб толгодод хүртэл явна. Дараа нь тэр Гоа уруу эргэнэ. 40Үхдэл чандруутай бүхий л хөндий болон Кидрон гуу хүртэлх бүх талбай, зүүн тийш Адууны гулдан хаалганы булан хүртэл ЭЗЭНд ариун болно. Энэ нь дахин зулгаан зумлагдахгүй эсвэл хөмрөгдөхгүй.”

Одоогоор Сонгогдсон:

Иеремиа 31: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү