Иеремиа 42
42
Эс нүүхийг үлдэгсдэд зөвлөв
1Дараа нь цэргийн бүх дарга нар, Кареагийн хүү Иоханан, Хошаиагийн хүү Азариа ба их, бага бүх хүн ойртон ирээд, 2эш үзүүлэгч Иеремиад
—Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө Бурхан ЭЗЭНдээ залбираач. Таны нүд биднийг харж байгаачлан бид олон хүмүүнээс цөөхүүлээ үлдлээ. 3Таны Бурхан ЭЗЭН алхах замыг маань болон хийх зүйлийг маань бидэнд мэдүүлж өгөх болтугай гэж хэлэв. 4Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд
—Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу Бурхан ЭЗЭНд чинь залбирах гэж байна. Та нарт ЭЗЭНий хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв. 5Тэд Иеремиад
—Таны Бурхан ЭЗЭНээс танаар дамжин бидэнд илгээх бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол бидний эсрэг ЭЗЭН үнэн итгэлтэй гэрч байг. 6Таныг Түүнд илгээж буй бид бүхэн Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг сайн ч бай муу ч бай дагах болно. Энэ нь Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаж, сайн сайхан нь бидэнд байхын тулд юм гэжээ. 7Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв. 8Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нарыг их, бага бүх хүний хамт дуудаж, 9тэдэнд
—Гуйлтаа өмнө нь тавихын тулд та нарын намайг илгээсэн Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. 10“Та нар энэ нутагт эргээд амьдрах аваас, Би та нарыг нураах бус босгох бөгөөд та нарыг тастаж сугалах биш, тарьж суулгах болно. Та нарт учруулсан гай гамшгийн талаар Би харамсаж байна. 11Өөрсдийн айж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нарыг түүний гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна. 12Тэр та нарт өршөөл үзүүлж, та нарыг хөрсөнд чинь сэргээхийн тулд Би та нарт өршөөл үзүүлнэ. 13Харин та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг сонсохгүйгээр “Бид энэ нутагт амьдрахгүй” гэж хэлсээр, 14ингэхдээ “Үгүй, харин бид Египетийн нутаг уруу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, талхаар ч өлсөхгүй бөгөөд тэнд бид амьдрах болно” гэвэл 15Иудагийн үлдэгсэд ээ, тэгвэл ЭЗЭНий үгийг сонсоцгоо. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв та нар үнэхээр Египет уруу орж, тэнд цагаачлахаар шийдвэл, 16та нарын айж буй илд та нарыг тэнд Египет нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд үхнэ. 17Египет уруу явж, тэнд цагаачлахаар шийдсэн бүх хүн илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэгсэд, дүрвэгсэд тэдэнд үлдэхгүй” хэмээв. 18Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр уур хилэн минь асгарсан шиг та нарыг Египетэд орох үед Миний хилэн та нар дээр асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Харин энэ газрыг та нар дахиад харахгүй.” гэв. 19Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭН та нарт “Египет уруу бүү яв!” гэж айлдав. Өнөөдөр би та нарт анхааруулсан гэдгийг мэдэгтүн. 20Та нар сэтгэлдээ алдаж буруутав. “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бурхан ЭЗЭН маань юу ч хэлсэн бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн намайг Бурхан ЭЗЭНдээ та нар л илгээсэн шүү дээ. 21Ингээд би та нарт өнөөдөр мэдүүлсэн боловч та нарт хэл хэмээн намайг илгээсэн Түүний юун дээр нь ч та нар Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагасангүй. 22Тиймээс очиж, цагаачлахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн тахлаар үхнэ гэдгийг одоо тодорхой ойлгогтун гэв.
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 42: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.