Иохан 12:20-50
Иохан 12:20-50 АБ2013
Баяраар мөргөл хийхээр ирэгсдийн дунд хэдэн грек байлаа. Тэд Галилын Бетсайдын Филип дээр очиж, түүнээс —Эзэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд Филип явж, Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав. Есүс тэдэнд —Хүний Хүүгийн алдарших цаг ирлээ. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана. Амиа хайрлагч нь түүнийгээ алдана. Энэ ертөнцөд амиа үзэн ядагч нь түүнийгээ мөнх аминд хүртэл хадгална. Надад үйлчлэх нь Намайг дага. Би хаана байна, Миний зарц бас тэнд байх болно. Надад үйлчилбэл тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ. Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, Намайг энэ цагаас авраач” гэх үү? Гэвч үүний л төлөө Би энэ цагт ирсэн. Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна гэх дуун гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод —Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь —Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэцгээв. Есүс хариулан —Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан. Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. Би газраас өргөгдвөл бүх хүнийг Өөртөө татна гэж айлдлаа. Тэр ямар үхлээр үхэхээ илэрхийлэн үүнийг хэлжээ. Хурсан олон Түүнд —Христ мөнхөд байна гэж бид хуулиас сонссон атал Та “Хүний Хүү өргөгдөх ёстой” гэж яаж ярьж чадна вэ? Энэ Хүний Хүү нь хэн бэ? гэв. Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй. Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хөвгүүд болно гэлээ. Есүс ийн айлдсаны дараа холдон явж нуугдав. Хэдийгээр Есүс тэдний өмнө өдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа. Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?» гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ. Тиймээс ч тэд итгэж чадаагүй юм. Учир нь Исаиа бас «Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатууруулсан. Эс бөгөөс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэх байсан бөгөөд Би тэднийг эдгээх байсан юм» гэсэн. Исаиа Түүний цог жавхланг харж, Түүний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ. Хэдий тийм боловч захирагчдын олон нь Есүст итгэсэн билээ. Гэхдээ тэд фарисайчуудаас болж синагогоос хөөгдөх вий гэсэндээ үүнийгээ өчсөнгүй. Учир нь тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм. Есүс хашхиран —Надад итгэгч нь Надад итгэж байгаа бус харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм. Намайг харагч нь Намайг илгээсэн Нэгэнийг харж байна. Надад итгэгч бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн. Үгийг минь сонсоод сахиагүй ч Би түүнийг шүүхгүй. Би ертөнцийг шүүхийн тулд бус харин ертөнцийг аврахын тулд ирсэн юм. Намайг голж, үгийг минь хүлээж эс авагчийг шүүх шүүгч бий. Хэлсэн үг минь эцсийн өдөрт түүнийг шүүнэ. Учир нь Би Өөрөөсөө яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө өгсөн юм. Түүний тушаал бол мөнх амь гэдгийг Би мэднэ. Тиймээс ярьж байгаа минь Эцэг Надад хэлснээр Би ярьж байна гэж айлдлаа.