Иов 33

33
Иовыг Елиху зэмлэв
1Ямар ч байсан, Иов оо,
Яриаг минь сонсож, бүх үгийг минь чагнаач.
2Харагтун, би одоо амаа нээсэн,
Хэл минь миний аман дотор ярьдаг.
3Зүрхний минь шулуун шударгыг үгс минь тунхаглаж,
Чин үнэнээр ярихыг уруул минь мэддэг.
4Намайг Бурханы Сүнс бүтээсэн бөгөөд
Надад амийг Төгс Хүчит Нэгэний амьсгал өгдөг билээ.
5Чаддаг юм бол надад хариул.
Миний өмнө өөрийгөө бэлдээд зогс.
6Үзэгтүн, Бурханд би чамтай адил билээ
Бас л адилхан шаврын өөдөснөөс бүтээгдсэн билээ.
7Үзэгтүн, надаас айх хэрэггүй,
Үнэндээ би чамайг эс дарна.
8Үнэхээр чи миний чихэнд ярьсан
үгсийг би сонссон билээ.
9“Би цэвэр, гэмт үйлдэлгүй,
Би гэм халгүй, дотор минь хилэнц алга.
10Харагтун, Тэр л миний эсрэг далим олж,
Хөөрхий намайг дайснаа гэж тооцдог.
11Хөлийг минь Тэрээр хэвэнд оруулж,
Хамаг харгуйг минь харуулддаг.”#Иов 13:27 гэж хэллээ.
12Үзэгтүн, гэвч чиний зөв биш ээ.
Үнэхээр би чамд хариулъя.
Учир нь хүмүүнээс Бурхан аугаа билээ.
13Юм бүхэнд минь хариулдаггүй гэж
юунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ?
14Бурхан нэг удаа мөн хоёр удаа хэлдэг боловч
хэн ч үүнийг ойшоодоггүй юм.
15Хүмүүсийг гүн нойр хучин,
хэвтэр дээрээ дугхийх зуур
зүүд буюу шөнийн үзэгдэл дотор,#Иов 4:13
16Хүний чихийг тэгэхэд л Тэр нээж,
Хатуу анхааруулж айлгадаг нь
17Саар явдлаас нь хүнийг эргүүлж,
Сайрхал бардамналыг нь үгүй хийхийн тулд билээ.
18Ийнхүү Тэрээр хүний сэтгэлийг нүхнээс аварч,
тэдний амийг Үхэгсдийн орноос гэтэлгэдэг.
19Өвчин шаналлаар тэд орондоо хэвтэж
Үргэлжийн тэмцэлдээнд яс нь янгинан шийтгэгддэг.
20Ингэснээр амь гол нь талхыг
Дуршил хүсэл нь хоолыг жигшдэг.
21Тэгэхэд бие махбод хатан хорчийж, үзэгдэхгүй болж,
харагддаггүй байсан яс нь ил гарч ирдэг.
22Ийнхүү тэрээр нүхэндээ,
амь нь үхэл учруулагсдад ойртдог ажээ.
23Хэрэв тэр хүнийг зөвт болохыг нь бидэнд тунхаглах,
Түүний төлөө зуучлагч тэнгэрэлч мянгын дунд нэг байгаад
24Тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж,
“Түүнийг нүхэнд унахаас авар.
Төлөөсийг нь би олов” гэвэл
25Махбод нь идэр үеийнх шигээ сэргэг болог.
Залуугийнхаа өдрүүдэд байсан хүч нь эргэж ирэг.
26Тэгээд Бурханд тэр залбирахад
Түүнийг Бурхан хүлээн авна.
Түүний нүүр уруу баяртайгаар харна, тэрээр,
Тэр ч зөвт байдлыг нь дүүрэн хариулна.
27Тэрээр хүмүүст дуулж, тунхаглахдаа
“Нүгэл хийж, зөвийг гажуудуулахад минь
Надад хариу эс ирэв.
28Нүхэнд унаж үхэх амийг минь Тэр золин,
амьдралд минь гэрэл үзүүлэв” гэх болно.
29Үзэгтүн, Бурхан үүнийг хүнд гурвантаа үйлддэг нь
30Амийг нь булшны нүхнээс буцаан авчрахын тулд агаад
Амийн гэрлийг түүнд үзүүлэхийн тулд болой.
31Иов оо! Намайг анхааран сонс.
Дуугүй байж, намайг яриул.
32Хэлэх зүйл чамд байвал надад хариул.
Чамайг зөвтгөхийг би хүсэж байгаа учир хэлэх зүйл байвал хэл.
33Хэрэв байхгүй бол дуугүй байж намайг сонс.
Мэргэн ухааныг танд би сургая гэв.

Одоогоор Сонгогдсон:

Иов 33: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү