Иошуа 1:1-9

Иошуа 1:1-9 АБ2013

ЭЗЭНий зарц Мосег өөд болсны дараа ЭЗЭН, Мосегийн туслах, Нуны хүү Иошуад — Миний зарц Мосе өөд болов. Одоо чи босож, энэ бүх ард түмний хамт энэхүү Иорданыг гатлан, израильчуудад Миний өгөх тэр нутаг уруу яв. Хөлийн чинь ул гишгэх газар бүрийг Би Мосед амласныхаа дагуу та нарт нэгэнт өгсөн билээ. Та нарын нутаг нь цөл ба энэ Ливанаас их мөрөн болох Евфрат мөрөн хүртэл хитчүүдийн бүх нутгаар дайрсан, наран жаргах зүгийн Их тэнгис хүртэлх газар байх болно. Амьдралын чинь бүх өдрүүдэд хэн ч чиний эсрэг зогсож чадахгүй. Би Мосетэй хамт байсныхаа адил чамтай мөн хамт байх болно. Би чамайг орхихгүй мөн чамайг түлхэж хаяхгүй. Тууштай бөгөөд зоригтой бай. Өвөг дээдэст нь өгөхөөр Миний андгайлсан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ. Гагцхүү тууштай бөгөөд чин зоригтой бай. Миний зарц Мосегийн чамд тушаасан бүх хуулийг сахин биелүүл. Үүнээс баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. Тэгвэл чи хаа явсан газраа амжилт олно. Хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж, өдөр шөнөгүй үүнийг бясалган, үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл. Тэгвэл чиний зам өөдөлж, чи амжилтад хүрэх болно. Би чамд тушаасан бус уу? Тууштай бөгөөд зоригтой бай! Бүү цочирд, бүү шантар. Хаа явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх болно гэв.