Иошуа 5

5
Шинэ үеийнхэн хозлуулав
1Иорданы чанад баруунтаад орших Аморийн бүх хаад, мөн тэнгис хавийн Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод зүрх үхэж, Израилийн хөвгүүдээс болж зориг нь мохов.
2Тэр үед ЭЗЭН, Иошуад
—Өөртөө цахиур хутгануудыг хийж Израилийн хөвгүүдийг дахиад хозол гэлээ. 3Тэгэхэд нь Иошуа цахиур хутганууд хийгээд Гибеат-хааралотод Израилийн хөвгүүдийг хозлов. 4Египетээс гарч явсан бүх дайчид, эрчүүд Египетээс гарсныхаа дараа замдаа цөлд үхэцгээсэн учир Иошуа тэднийг ийнхүү хозолсон юм. 5Учир нь гарч явсан хүмүүс бүгд хозлуулсан байсан боловч Египетээс гарч явсны дараах аян замд, цөл газарт төрсөн бүх хүн хозлуулаагүй байлаа. 6Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр эцэг өвгөдөд маань ЭЗЭНий амласан, сүү зөгийн балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ.#Тоо 14:28–35 7Харин ЭЗЭН тэдний оронд хозлуулаагүй хөвгүүдийг торниулсан ба тэднийг Иошуа хозолжээ. Учир нь тэд замын туршид хозлуулаагүй байв. 8Үндэстэн даяараа бүрэн хозлуулсны дараа эдгэртлээ тэд хуаран дахь байрандаа байцгаав. 9Дараа нь ЭЗЭН, Иошуад
—Өнөөдөр Би та нараас Египетийн занал зүхлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газар өнөөг хүртэл Гилгал#5:9 Гилгал: евр. “зайлуулсан” гэснээс гаралтай. гэж нэрлэгддэг юм.
Гилгалд Алгасалыг тэмдэглэв
10Уг сарын арван дөрөвний өдрийн орой Израилийн хөвгүүд Иерихогийн тал газарт, Гилгалд буудаллаж байхдаа Алгасалыг тэмдэглэв.#Гэт 12:1–13 11Алгасалын дараагийн өдөр, чухам тэр өдрөө тэд газрын үр шим, исгээгүй талх болон хуурсан үр тариа идэв. 12Тэд газрын үр шимээс хүртсэний дараа өдөр нь манна дууссан бөгөөд Израилийн хөвгүүдэд дахин манна байсангүй. Харин тэр жилдээ тэд Канаан нутгийн ургацаас хүртэв.#Гэт 16:35
Иошуагийн зөн
13Иошуа Иерихогийн ойролцоо байх үедээ нүд өргөн хартал, эсрэг талд нь илдээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн дээр очин, түүнээс
—Та бидний талд уу, бидний дайсны талд уу? гэж асуусанд 14тэр
—Үгүй, харин би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна гэхэд нь Иошуа нүүрээрээ газарт унан, түүнд мөргөөд
—Миний эзэн зарцдаа юу хэлэхсэн бол? гэхэд 15ЭЗЭНий дайчдын жанжин, Иошуад
—Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.

Одоогоор Сонгогдсон:

Иошуа 5: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү