Леви 1
1
Шатаалт тахил
1ЭЗЭН уулзалтын майхан дотроос Мосег дуудаж, түүнд айлдахдаа
— 2Израилийн хөвгүүдтэй ярин “Та нараас хэн нэг нь ЭЗЭНд малаар өргөл өргөх бол бод, богийн сүргээсээ өргөл өргө.
3Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө хүлээн авагдахын төлөө уулзалтын майхны үүдэнд үүнийг өргөг. 4Тэр хүн шатаалт тахилын толгой дээр гараа тавих бөгөөд энэ нь тэр хүний өмнөөс эвлэрүүлэл болж, хүлээн авагдана. 5Тэр хүн ЭЗЭНий өмнө бяруу нядалж, Аароны тахилч хөвгүүд цусыг нь авчран уулзалтын майхны үүдэн дэх тахилын ширээг тойруулан цацна. 6Тэрээр шатаалт тахилыг өвчиж, үүнийг эвдэг. 7Тахилч Аароны хөвгүүд тахилын ширээн дээр гал өрдөж, гал дээр түлээ мод өрнө. 8Аароны тахилч хөвгүүд бүх хэсгүүд, толгой, гадар өөхийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр өрж тавина. 9Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.
10Хэрэв түүний өргөл нь бог малаас хонь эсвэл ямаан шатаалт тахил байх аваас тэрээр согоггүй эр малыг өргөг. 11Тэр үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний хойд талд нядлах бөгөөд Аароны тахилч хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна. 12Тэр үүнийг хэсэглэн эвдээд, толгой, гадар өөхийг нь тахилч тахилын ширээн дээрх галын түлээн дээр өрөх ажгуу. 13Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.
14Хэрэв тэр хүний ЭЗЭНд өргөх өргөл шувуун шатаалт тахил байх аваас хүүрзгэнэ эсвэл өсвөр тагтааг өргөлдөө өргөг. 15Тахилч үүнийг тахилын ширээнд авчирч, толгойг нь мушгин тахилын ширээн дээр шатаагаад цусыг нь тахилын ширээний хажуу уруу гоожуулна. 16Бас түүний гүеэг өднийх нь хамт салган авч тахилын ширээний хажууд, зүүн тийш үнс уруу хаяг. 17Түүнийг далавчийг нь ханзлахгүйгээр, хажуугаар нь хувааг. Тахилч үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.
Одоогоор Сонгогдсон:
Леви 1: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.