Леви 13

13
Арьсны халдварт өвчний талаар
1Мосе Аарон нарт ЭЗЭН айлдахдаа
2Хүний биеийн арьсан дээр гөвдрүү эсвэл яр эсвэл тод өнгөтэй толбо гарч энэ нь биеийнх нь арьсан дээр арьсны халдварт өвчин болвол түүнийг тахилч Ааронд эсвэл түүний тахилч хөвгүүдийн нэгэнд аваачна. 3Биеийнх нь арьсан дээрх шархыг тахилч үзэж, хэрэв шархтай газар дээрх үс цайж, шарх биеийнх нь арьснаас гүн харагдах аваас энэ нь арьсны халдварт өвчний тэмдэг юм. Тахилч түүнийг үзээд, түүнийг бузартсан гэж тодорхойлно. 4Хэрэв биеийнх нь арьсан дээрх тод толбо цагаан бөгөөд арьснаас гүн харагдахгүй, түүн дээрх үс цайгаагүй байвал шархтай хүнийг тахилч долоо хоногоор хөл хорих ёстой. 5Долоо дахь өдөр тахилч түүнийг үзэх бөгөөд хэрэв түүний нүдэнд шарх хувираагүй, арьсан дээгүүр тархаагүй байвал тахилч түүнийг дахин долоо хоногоор хөл хорих ёстой. 6Тахилч түүнийг долоо дахь өдөр дахин үзэх бөгөөд хэрэв шарх бүдгэрч, арьсан дээгүүр тархаагүй байх аваас тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлох ёстой. Энэ нь шархны тав болой. Тэр хүн хувцсаа угаан цэвэр болно. 7Харин тэр цэвэршихдээ биеэ тахилчид үзүүлсний дараа уг шархны тав арьсан дээгүүр цааш тархах аваас тэр хүн тахилчид дахин үзүүлэх ёстой. 8Тахилчийн үзэх үед хэрэв уг шарх арьсан дээгүүр тархсан байх аваас тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны халдварт өвчин болой.
9Хэрэв хүн арьсны халдварт өвчтэй байвал түүнийг тахилч уруу аваачна. 10Тахилчийн үзэх үед арьсан дээрх гөвдрүү цагаан, үс нь цайрсан мөн гөвдрүүн дээр шархалсан, үхжээгүй мах байх аваас 11түүний биеийн арьсан дээр арьсны архаг халдварт өвчин байна. Тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Бузартсан гэж тодорхойлсон тул түүнийг ажиглахаар хөл хорих шаардлагагүй. 12Хэрэв арьсны халдварт өвчин арьсан дээгүүр тэлэн тэлсээр, шархтай нэгний толгойноос авахуулан хөл хүртэл бүхэлд нь бүрхсэнийг тахилч харвал, 13тахилч үүнийг сайтар үзэхэд, хэрэв уг арьсны халдварт өвчин түүний бүх бие махбодыг бүрхсэн байх аваас шархтай нэгнийг цэвэр гэж тахилч тодорхойлно. Бүгд цайрч, тэрээр цэвэр болжээ. 14Харин түүнд шархалсан, үхжээгүй мах гарч ирэх бүрд тэрээр бузартсан болно. 15Тахилч уг шархалсан, үхжээгүй махыг үзэж, түүнийг бузартсан гэж тодорхойлно. Шархалсан, үхжээгүй мах бузар агаад энэ нь арьсны халдварт өвчин ажгуу. 16Хэрэв уг шархалсан, үхжээгүй мах нь эргэж цайран өөрчлөгдөх аваас тэр хүн тахилчид очно. 17Тахилч түүнийг сайтар үзэхэд шарх нь цайрсан байх аваас тахилч шархтай нэгнийг цэвэр гэж тодорхойлно. Тэрээр цэвэр байна.
18Хэрэв биеийн арьсан дээр буглаат хатги гараад эдгэсэнд 19буглаат хатгины ором дээр цагаан гөвдрүү эсвэл цайвар ягаан, тод өнгөтэй толбо байх аваас үүнийг тахилчид үзүүлэх ёстой. 20Тахилч түүнийг сайтар үзээд энэ нь арьсны доод талд харагдан, дээрх үс нь цайсан байх аваас тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь буглаат хатгины оромд гарсан арьсны халдварт өвчин юм. 21Хэрэв тахилч түүнийг үзээд, түүн дээр ямар ч цагаан үс байхгүй бөгөөд тэр нь арьсан доор биш мөн бүдгэрсэн байвал тахилч түүнийг долоо хоногоор хөл хорино. 22Харин энэ нь арьсан дээгүүр тэлэн тэлсээр байвал тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь шарх болой. 23Харин тод толбо байрандаа үлдэн тархаагүй байвал энэ нь зөвхөн хатгины сорви бөгөөд тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлно.
24Хэрэв хэн нэгний бие махбод галд түлэгдэж, түлэнхийн шархан дээр тод цайвар ягаан эсвэл цагаан толбо байвал 25тахилч түүнийг үзээд, хэрэв толбон дээрх үс нь цайсан ба тэр нь арьснаас гүн харагдах аваас түлэгдэлт дээр дэлгэрч гарсан арьсны халдварт өвчин болой. Тахилч түүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны халдварт өвчний шарх болой. 26Хэрэв тахилч түүнийг үзэхэд толбон дээр ямар ч цагаан үс байхгүй, тэр нь арьснаас гүн биш, харин бүдгэрсэн байвал тахилч тэр хүнийг долоо хоногоор хөл хорино. 27Тахилч түүнийг долоо дахь өдөр үзээд, тэр нь арьсан дээр тархан тархсаар байх аваас тахилч тэр хүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь арьсны халдварт өвчний шарх болой. 28Харин толбо байрандаа үлдэн арьсан дээгүүр тархалгүй, бүдгэрсэн байх аваас энэ нь түлэгдэлтийн гөвдрүү болой. Энэ нь зөвхөн түлэгдлийн сорви учир тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлно.
29Хэрэв эр эсвэл эм хүн толгой юмуу шанаандаа яр шархтай байх аваас 30тахилч уг үрэвслийг үзээд, тэр нь арьснаас гүн харагдан түүн дээр нарийхан шаравтар үс байх аваас тахилч тэр хүнийг бузартсан гэж тодорхойлно. Энэ нь хамуу бөгөөд толгой буюу шанаан дээрх арьсны халдварт өвчний шарх болой. 31Гэвч тахилч хамууны шархыг үзэхэд арьснаас гүн харагдахгүй, түүн дээр ямар ч хар үс байхгүй бол тахилч хамууны шархтай хүнийг долоо хоногоор хөл хорино. 32Долоо дахь өдөр тахилч шархыг үзээд, тэр нь тархан тархаагүй, түүн дээр ямар ч шаравтар үс ургаагүй мөн шарх нь арьснаас гүн биш байх аваас 33тэр хүн хамуутай газрыг хусалгүйгээр үсээ хусах бөгөөд тахилч уг хамуутай хүнийг дахин долоо хоногоор хөл хорино. 34Тэгээд долоо дахь өдөр тахилч хамууг үзээд, тэр нь арьсан дээгүүр тархаагүй, арьснаас гүн биш харагдаж байвал тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлно. Тэр хүн хувцсаа угааж цэвэр болог. 35Харин түүний цэвэршлийн дараа уг хамуу арьсан дээгүүр тархан тархсаар байх аваас 36тахилч түүнийг үзэхэд хамуу арьсан дээгүүр тархсан аваас тахилч шаравтар үсийг хайх шаардлагагүй. Тэр хүн бузартсан байна. 37Хэрэв тахилчийн харах үед хамуу өөрчлөгдөөгүй, түүн дээр хар үс ургасан байх аваас уг хамуу эдгэрсэн учир тэр хүн цэвэр болой. Тахилч түүнийг цэвэр гэж тодорхойлно.
38Эр, эм хүн биеийнхээ арьсан дээр цайвар толбо, бүр цагаан толботой болох аваас 39тахилч үзэх ба хэрэв биеийнх нь арьсан дээрх толбонууд нь бүдэг цагаан байх аваас энэ нь арьсан дээр дэлгэрсэн тууралт болой. Тэр хүн цэвэр байна.
40Хэрэв эрэгтэй хүний толгойн үс унах аваас тэр нь халзан болно. Тэр цэвэр болой. 41Хэрэв түүний толгой урдаасаа хажуугаасаа халзрах аваас тэрээр духандаа халзан учраас цэвэр болой. 42Харин халзан толгой эсвэл халзан духан дээр нь цайвар ягаан шарх бий болох аваас энэ нь халзан толгой эсвэл халзан духан дээр дэлгэрсэн арьсны халдварт өвчин болой. 43Тахилч түүнийг үзээд, хэрэв түүний халзан толгой эсвэл халзан духан дээрх шарх гөвдрүү нь биеийнх нь арьсан дээрх арьсны халдварт өвчний байдалтай адил цайвар ягаан байх аваас 44тэр хүн арьсны халдварт өвчтэй бөгөөд бузартсан болой. Түүний шарх толгой дээр нь байгаа учир тахилч түүнийг бузартсан гэж зарлах ёстой.
45Арьсны халдварт өвчний шархтай нэгэн урж цуулсан хувцас өмсөж, толгойнхоо үсийг бүтээлгүй, эрүү нүүрээ таглан “Бузартсан, бузартсан” гэж хашхирч байх ёстой. 46Шархтай байх өдрүүдийнхээ туршид тэрээр бузар гэгдэх ёстой. Тэр бузартсан бөгөөд түүний сууц хуарангийн гадна байж, тэр ганцаараа амьдрах ёстой.
47Хувцсан дээр хөгцний толбо#13:47 хөгцний толбо: евр. “арьсны өвчин” ба “хөгц” адилхан нэртэй. гарах аваас энэ нь ноосон хувцас ч бай, маалинган хувцас ч бай, 48ноосон эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл ч бай, савхи ч бай, савхиар хийгдсэн аливаа эд ч бай ялгаагүй, 49хэрэв хувцсан дээр эсвэл арьсан дээр эсвэл нэхмэл буюу сүлжмэл эдийн дээр эсвэл аливаа савхин эдлэл дээрх уг толбо ногоовтор буюу улбар байх аваас энэ нь хөгцний толбо учир үүнийг тахилчид үзүүлэх ёстой. 50Тахилч толбыг үзээд уг толботой эдийг долоо хоногоор тусгаарлаж, 51долоо дахь өдөр тэрээр уг толбыг үзээд, хэрэв тэр нь хувцсан дээгүүр, нэхмэл буюу сүлжмэл эдийн дээгүүр эсвэл ямар ч зорилгоор ашиглаж болох савхи буюу аливаа савхин эдлэл дээгүүр тархсан байх аваас энэ толбо нь хортой хөгц учир бузар болой. 52Тиймээс толботой болсон хувцас, ноосон эсвэл маалинган нэхмэл буюу сүлжмэл эдлэл эсвэл аливаа савхин зүйлийг тэрээр шатаах ёстой. Энэ нь хортой хөгц учир үүнийг галд шатаах ёстой.
53Гэвч тахилчийг харахад уг толбо хувцсан дээр, нэхмэл буюу сүлжмэл эдлэл эсвэл аливаа савхин зүйл дээр тархаагүй байх аваас 54толботой болсон зүйлийг угаахыг тахилч тушаан үүнийг дахин долоо хоногоор тусгаарлана. 55Толботой зүйлийг угаасных нь дараа тахилч дахин үзнэ. Хэрэв уг толбоны гаднах байдал өөрчлөгдөөгүй мөн уг толбо тархаагүй байвал энэ нь бузар бөгөөд тэр эдийг гаднаас нь эсвэл дотроос нь халцлан идсэн байсан ч хамаагүй түүнийг та нар галд шатаа.
56Харин угаасных нь дараа тахилч үзэхэд уг толбо бүдгэрсэн байвал, үүнийг уг хувцас буюу савхин зүйл эсвэл нэхмэл буюу сүлжмэл эдээс урж авна. 57Хэрэв тэр нь хувцсан дээр, нэхмэл буюу сүлжмэл эд дээр эсвэл савхин аливаа эдлэл дээр дахин үзэгдэх аваас энэ нь тархан дэлгэрсэн учир толботой зүйлийг галд шатаа. 58Хувцас эсвэл нэхмэл буюу сүлжмэл эд эсвэл савхин аливаа эдлэлийг угаасны дараа уг толбо бүрэн арилсан байх аваас түүнийг хоёр дахь удаагаа угаан тэр нь цэвэр болно гэлээ.
59Энэ нь ноосон юмуу маалинган хувцсан дээр эсвэл нэхмэл буюу сүлжмэл дээр эсвэл савхин аливаа эдлэл дээрх хөгцний толбоны тухай, түүнийг цэвэр эсвэл бузар гэж тодорхойлон хэлэхэд зориулсан хууль болой.

Одоогоор Сонгогдсон:

Леви 13: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү