Леви 7

7
1“Ялын тахилын хууль ийм болой. Энэ нь ариунаас ариун бөлгөө. 2Шатаалт тахилыг нядалдаг газар тэд ялын тахилыг нядалж, цусыг нь тахилын ширээг тойруулан цацах ёстой. 3Тэр үүнээс бүх өөхийг нь буюу сүүл, сэмж, 4хоёр бөөрийг түүний дээрх, ууц дагуух өөхтэй нь хамт, өнчин элгийг бөөртэй хамт салган эдгээрийг өргөх ёстой. 5Тахилч эдгээрийг ЭЗЭНд галан тахил болгон тахилын ширээн дээр шатааг. Энэ нь ялын тахил болой. 6Тахилч нарын эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Үүнийг ариун газарт идэх ёстой. Энэ нь ариунаас ариун болой.
7Ялын тахил нь нүглийн тахилтай адил нэг л хуультай болой. Үүгээр эвлэрүүллийг хийсэн тахилч үүнийг авна. 8Хэн нэгний шатаалт тахилыг өргөх тахилч нь өөрийн өргөсөн шатаалт тахилын арьсыг өөртөө авна. 9Зууханд жигнэсэн идээн өргөл бүр мөн саванд эсвэл хайруулын тавган дээр хийсэн болгон нь үүнийг өргөх тахилчийнх болой. 10Тосонд багсарсан эсвэл хуурай идээн өргөл бүр Аароны бүх хөвгүүдэд, ах дүү тусбүрд тэнцүү ногдоно.
Эвийн тахилын заавар
11ЭЗЭНд өргөх эвийн тахилуудын нядлах тахилын хууль ийм болой. 12Хэрэв тэр үүнийг талархсандаа өргөх бол талархлын тахилтай хамт тосонд багсарсан боов, тос түрхсэн исгээгүй бин, тостой сайтар багсарсан сайн гурилан боовыг өргөх ёстой. 13Эвийн тахилуудынхаа талархлын тахилд тэрээр бинтэй хамт исгэсэн талхыг өргөл болгон өргөг. 14Тэр өөрийн бүхэл өргөлөөс нэгийг ЭЗЭНд хандив болгон өргөг. Энэ нь эвийн тахилуудын цусыг цацсан тахилчид ногдох болой. 15Талархалд зориулсан эвийн тахилуудын нядлах тахилын махыг өргөсөн өдөрт нь идэх ёстой бөгөөд өглөө болтол түүнээс юу ч үлдээх ёсгүй. 16Харин өргөл тахил нь ам өчиг буюу сайн дурынх байх аваас тэр хүн үүнийгээ тахил өргөсөн өдөртөө идэх ёстой бөгөөд үлдэгдлийг нь маргааш нь идэж болно. 17Гэвч тахилын махны үлдэгдлийг гурав дахь өдөр галд шатаах ёстой. 18Эвийн тахилуудын нядлах тахилын ямар ч махыг гурав дахь өдөр нь идэх аваас энэ нь хүлээн авагдахгүй мөн өргөсөн хүн ч зохистойд тооцогдохгүй. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнээс идсэн хүн хилэнцээ үүрнэ.
19Аливаа бузар зүйлд хүрсэн махыг идэх ёсгүй, харин галд шатаах ёстой. Бусад махны хувьд цэвэр хүн тийм махыг идэж болно. 20Харин ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махыг бузартсан байхдаа идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана. 21Мөн хүний бузар эсвэл бузар амьтан эсвэл жигшүүрт зүйл гэх зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махнаас идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана” гэв.
22ЭЗЭН, Мосед айлдахдаа
23Израилийн хөвгүүдэд “Та нар үхэр, хонь, ямааны аливаа өөхийг бүү идэгтүн. 24Үхдэлийн юмуу сэгчүүлж тасчуулсан амьтны өөхийг ямарваа өөр үйлсэд хэрэглэж болох хэдий ч та нар үүнийг бүү ид, идэж болохгүй. 25ЭЗЭНд галаар өргөсөн өргөл амьтны өөхийг хэн нэгэн идвэл, идсэн тэр хүн ард олноосоо таслагдана. 26Та нар амьдарч буй аль ч газартаа шувууных ч бай, амьтных ч бай ямар ч цусыг бүү идэгтүн.#Эх 9:4; Лев 17:10–14, 19:26; Дх 12:16,23, 15:23 27Аливаа цусыг идсэн хүн байвал уг хүн ард олноосоо таслагдах болой” гэж хэл хэмээв.
28ЭЗЭН, Мосед айлдахдаа
29Израилийн хөвгүүдтэй ярин “ЭЗЭНд эвийн тахилуудын нядлах тахилаа өргөж буй хүн эвийн тахилуудын нядлах тахилаасаа ЭЗЭНд өргөлөө авчрагтун. 30Тэрээр ЭЗЭНд галан тахилыг өөрийнхөө гараар авчрах ёстой. Тэрээр өвчүүг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллаж, өөхийг өвчүүний хамт авчрах ёстой. 31Тахилч өөхийг тахилын ширээн дээр шатаана, харин өвчүү нь Аарон ба түүний хөвгүүдэд ногдох болой. 32Та нар эвийн тахилуудын нядлах тахилуудаасаа баруун гуяыг хандив болгон тахилчид өгөх ёстой. 33Аароны хөвгүүд дотроос, эвийн тахилуудын цус болон өөхийг өргөж буй нэгний хувиар баруун гуя ногдоно. 34Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилуудын нядлах тахилуудаас Би даллах өргөлийн өвчүү болон хандивын гуяыг авч, эдгээрийг Израилийн хөвгүүдээс тахилч Аарон болон түүний хөвгүүдэд улиран үргэлжлэх хувь ногдол болгон өгсөн билээ. 35Энэ нь тахилчийн албанд Аарон болон хөвгүүдийг нь ЭЗЭНд үйлчлүүлэхээр өргөсөн өдөрт ЭЗЭНд галан тахилуудаас тэдэнд ариусгагдсан хувь болой. 36ЭЗЭН тэднийг тосолсон өдөрт Израилийн хөвгүүдээс тэдэнд эдгээрийг өгөхийг тушаасан юм. Энэ нь хамаг үеийнхэнд нь улиран үргэлжлэх хувь ногдол болой” гэж хэл хэмээлээ.
37Эдгээр нь шатаалт тахил, идээн өргөл, нүглийн тахил, ялын тахил, томилгооны ёслолын тахил, эвийн тахилуудын нядлах тахилын хууль бөгөөд 38ЭЗЭНд өргөлүүдээ өргөх тушаалыг Синаин цөлд байхдаа Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдрөө ЭЗЭН үүнийг Синаи уулнаа Мосед тушаасан билээ.

Одоогоор Сонгогдсон:

Леви 7: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү