Лук 20:27-47

Лук 20:27-47 АБ2013

(Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүн дээр ирж асуун —Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь үр хүүхэдгүй үлдвэл дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж бидэнд бичсэн. Ах дүү долоо байсан юм. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхсэн. Хоёр дахь нь, гурав дахь нь ч мөн түүнийг авчээ. Ингэсээр ах дүү долуулаа үр хүүхэдгүй үхжээ. Эцэст нь мөнөөх эмэгтэй ч мөн үхэв. Иймд амилалд тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн шүү дээ гэхэд Есүс тэдэнд —Энэ үеийн хөвгүүд гэрлэдэг бас гэрлүүлдэг. Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалд хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс гэрлэхгүй бас гэрлүүлэхгүй. Тэд тэнгэрэлч нартай адил тул цаашид үхэх боломжгүй бөгөөд амиллын хөвгүүд тул Бурханы хөвгүүд юм. Харин Мосе шатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм. Тиймээс Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан мөн. Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав. Хуулийн багш нарын зарим нь —Багш аа, Та сайхан хэллээ гэв. Тэд Түүнээс юуны ч тухай дахин асууж зүрхэлсэнгүй. Тэр тэдэнд —Христ бол Давидын хүү гэж тэд яагаад ярина вэ? Давид өөрөө Дуулал номд “ЭЗЭН миний Эзэнд «Баруун талд минь залрагтун. Би дайснуудыг чинь Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл залрагтун» гэж айлдав” гэсэн. Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол, Тэр яаж түүний хүү байх билээ? гэв. Ард олныг бүгдээр ийн сонсож байх зуурт Тэр шавь нартаа — Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эдгээр нь үлэмжийн ял хүртэнэ гэв.