Лук 4:1-13
Лук 4:1-13 АБ2013
Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдөн, дөчин өдрийн турш диаволд соригджээ. Тэр өдрүүдэд юу ч идээгүй ба тэдгээрийг гүйцэхэд Тэрээр ихэд өлсжээ. Диавол Түүнд —Чи Бурханы Хүү мөн аваас энэ чулууг талх бол гэж тушаа гэв. Есүс —“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” гэж бичигдсэн байдаг гэлээ. Дараа нь тэр Түүнийг дээш аваачаад, хоромхон зуур ертөнцийн бүх хаанчлалыг үзүүлэв. Тэгээд диавол, Түүнд —Энэ бүх эзэмшил болон эдгээрийн сүр хүчийг би Чамд өгье. Учир нь энэ бүгд надад өгөгдсөн юм. Би хүсвэл хэнд ч үүнийг өгч чадна. Тиймээс Чи надад мөргөвөөс, энэ бүгд Чинийх болно гэхэд Есүс, түүнд —“Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил” гэж бичигдсэн байдаг гэв. Тэр Түүнийг Иерусалимд аваачин, сүмийн орой дээр зогсоогоод, түүнд —Чи Бурханы Хүү мөн юм бол эндээс доош үсэр. “Тэрээр тэнгэрэлч нартаа Чамайг хамгаалах талаар тушаана.” “Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд гар дээрээ Чамайг өргөөд явна” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэнд Есүс —“Бурхан Эзэнээ бүү сорь” гэж бас айлдсан байдаг гэлээ. Диавол хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ.