Лук 7

7
Зуутын даргын зарцыг эдгээв
(Мт 8:5–13)
1Тэрээр хүмүүст сонсгосон яриагаа өндөрлөж, Капернаумд явж ороход 2нэгэн зуутын даргын ихэд үнэлдэг зарц нь өвдөөд үхлүүт байжээ. 3Есүсийн тухай тэр сонсоод, ирж зарцыг нь эдгээхийг Түүнээс гуйлгахаар иудейчүүдийн ахмадуудаас хэдэн хүнийг Түүн уруу явуулав. 4Тэд Есүс дээр хүрч ирээд, Түүнээс хичээнгүйлэн гуйж
—Тэр Танаас үүнийг гуйх зохистой нэгэн. 5Тэр манай үндэстнийг хайрладаг. Бидэнд синагог барьж өгсөн хүн бол тэр юм гэжээ. 6Есүс тэдний хамт замд гарав. Тэгээд Түүнийг гэрээс нь холгүйхэн болоход зуутын дарга андуудаа илгээн
—Эзэн, Та Өөрийгөө наашаа бүү чилээ. Би Таныг дээвэр дороо оруулах зохистой нь биш ээ. 7Иймээс би өөрийгөө ч Тан дээр очих үнэ хүндтэй бус хэмээн үзэв. Харин үг л хэлээч, тэгвэл зарц минь эдгэрнэ. 8Би ч мөн эрх мэдэл дор байдаг хүн. Миний дор цэргүүд бий. Би нэгэнд нь “Яв” гэхэд тэр явдаг. Нөгөөд нь “Ир” гэхэд тэр ирдэг. Зарцдаа “Үүнийг хий” гэхэд тэр хийдэг гэж Түүнд хэлүүлжээ. 9Есүс үүнийг сонсоод ихэд гайхан Өөрийг нь дагаж явсан олонд
—Би та нарт хэлье. Ийм агуу итгэлийг Би Израильд хүртэл олоогүй юм гэлээ. 10Тийнхүү явуулсан хүмүүс нь буцаж ирээд мөнөөх зарц эрүүл болсныг олж харав.
Бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулав
11Үүний дараа удалгүй#7:11 ЗБ-т удаах өдөр нь Есүс, Найн хэмээх хот уруу явжээ. Шавь нар нь мөн үй олон хүн Түүнийг дагалдан явлаа. 12Түүнийг хотын хаалганд ойртон ирэх үед, харагтун, хүмүүс нэгэн үхсэн хүнийг аваад гарч явав. Тэр нь бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан бөгөөд хотынхны нэлээд олон хүн тэр эмэгтэйн хамт байв. 13Эзэн түүнийг хараад ихэд өрөвдөн түүнд
—Бүү уйл гэв. 14Тэр очоод авсанд гараа хүргэтэл өргөөд явж байсан хүмүүс зогслоо. Тэгээд Есүс
—Би чамд хэлж байна. Залуу минь, бос! гэхэд 15үхсэн хүн босоод ярьж эхлэв. Ингэж Есүс түүнийг эхэд нь эргүүлэн өгөв. 16Тэд бүгдээрээ айдаст автаж, Бурханыг алдаршуулж
—Бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ мөн
—Бурхан ард түмэн дээрээ ирлээ гэцгээж байлаа. 17Түүний тухай энэхүү зар Иудей даяар болоод хавийн бүх нутгаар тархлаа.
Баптисч Иоханы зарлага элч нар
(Мт 11:2–19)
18Шавь нар нь Иоханд энэ бүхний тухай мэдүүлжээ. 19Иохан шавь нараасаа хоёрыг нь дуудаж
—Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү? гэж асуулгахаар Эзэн уруу илгээв. 20Тэд Есүс дээр ирээд
—Баптисч Иохан биднийг Танд илгээж “Та ирэх ёстой Нэгэн мөн үү эсвэл бид өөр нэгнийг хүлээх үү?” гэж асуулгаж байна гэжээ. 21Яг тэр үед Есүс, өвчин эмгэг, ёрын сүнстэй олныг илааршуулж, сохорсон олонд хараа хайрлав. 22Тэр тэдэнд
—Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж,#7:22 цэвэршиж: 5:12 үз. дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.#Иса 35:5–6, 61:1 23Надаас болж үл бүдрэгч нь ерөөлтэй гэв. 24Иоханы зарлага элч нар явмагц, Есүс хурсан олонд Иоханы тухай ярьж эхлэв.
—Юу харах гэж та нар цөлд очсон бэ? Салхинд найгах зэгсийг үү? 25Тэгвэл та нар юу харах гэж очив? Хээнцэр хувцасласан хүнийг үү? Үзэгтүн, хээнцэр гоёмсгоор хувцаслаж, баян тансаг амьдрагчид нь хаадын ордонд байдаг. 26Тэгэхээр юунд та нар тийшээ очсон хэрэг вэ? Эш үзүүлэгчийг харах гэж үү? Тийм ээ, Би та нарт хэлье. Эш үзүүлэгчээс ч илүү нэгнийг юм. 27Түүний тухай
“Харагтун, Би түрүүнд чинь
зарлага элчээ илгээнэ.
Тэрээр өмнөх замыг чинь
бэлтгэнэ”
гэж бичигдсэн юм.#Мал 3:1 28Эмэгтэйчүүдээс төрөгсдийн дунд Иоханаас илүү нь үгүй. Харин Бурханы хаанчлалын хамгийн бага нь ч түүнээс агуу билээ гэж айлдав. 29Тийнхүү Иоханы баптисмаар баптисм хүртсэн бүх хүн, татвар хураагчид үүнийг сонсоод Бурханы шударгыг хүлээн зөвшөөрчээ.#Мт 21:32; Лк 3:12 30Харин фарисайчууд болон хуульчид Иоханаар баптисм хүртээгүйгээрээ өөрсдийнх нь төлөөх Бурханы зорилгыг үл хэрэгсэв.
31Энэ үеийн хүмүүсийг би юутай зүйрлэх вэ? Тэд хэнтэй адил вэ? 32Тэд гудамж зээл дээр суугаад нэг нэгнээ дуудан “Бид та нарт зориулж лимбэдэхэд та нар бүжиглэсэнгүй. Бид гашуудлын дуу дуулахад та нар уйлсангүй” гэх хүүхдүүдтэй адил юм. 33Баптисч Иохан ирээд, талх идэж, дарс уухгүй байхад нь та нар “Түүнд чөтгөр шүглэсэн байна” гэдэг. 34Хүний Хүү ирээд, идэж уутал та нар “Харцгаа. Ховдог, архичин бас татвар хураагчид ба нүгэлтнүүдийн анд” гэцгээдэг. 35Гэсэн хэдий ч мэргэн ухаан нь бүх хүүхдээрээ зөвтгөгддөг гэв.
Нүгэлт эмэгтэй уучлагдав
36Фарисайчуудын нэг нь хамт зоог барихыг Түүнээс хүсжээ. Есүс тэр фарисайн гэрт орж тухлан суув. 37Үзэгтүн, тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Есүсийг фарисай хүний гэрт тухлан байгааг тэр эмэгтэй дуулаад, гөлтгөнөн савтай үнэт тос авчирч,#Мт 26:7; Мк 14:3; Иох 12:3 38Түүний хөлд, ар талд нь зогсоод, уйлж нулимсаараа хөлийг нь норгож үсээрээ арчаад, хөлийг нь үнсэж, үнэт тосоороо тослов. 39Есүсийг урьсан фарисай үүнийг хараад
—Энэ хэрэв эш үзүүлэгч мөн юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүнийг нүгэлтэн гэдгийг нь мэдэх учиртайсан хэмээн бодсонд 40Есүс хариуд нь
—Симон оо, Надад чамд хэлэх юм байна гэв. Тэгтэл Симон
—Багш аа, түүнийгээ хэлээч гэжээ.
41Нэгэн мөнгө зээлдүүлэгчид хоёр хүн өртэй байжээ. Нэг нь таван зуу, нөгөө нь тавин денарын өртэй байв. 42Тэд төлөх чадваргүй тул тэр тэднийг хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ. Тэгвэл тэдний хэн нь түүнийг илүү хайрлах бол? гэхэд нь 43Симон
—Илүү өгөөмрөөр хэлтрүүлэгдсэн нь гэж би бодож байна гэсэнд Есүс түүнд
—Чи зөв шүүлээ гээд, 44тэр эмэгтэй уруу эргэж, Симонд
—Чи энэ эмэгтэйг харж байна уу? Намайг гэрт чинь орж ирэхэд чи Надад хөл угаах ус ч өгөөгүй, харин энэ эмэгтэй хөлийг минь нулимсаараа норгоод үсээрээ арчлаа. 45Чи Намайг үнсээгүй. Харин энэ эмэгтэй Намайг орж ирснээс хойш хөлийг минь үнссээр байна. 46Чи толгойг минь ч тосоор тослоогүй, тэр харин үнэт тосоор хөлийг минь тослов. 47Тиймээс Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр их хайрласан. Харин багахан уучлагдсан нь бага хайрладаг гээд, 48эмэгтэйд
—Нүгэл чинь уучлагдлаа гэв. 49Түүний хамт тухлан сууж байсан хүмүүс хоорондоо
—Нүглүүдийг хүртэл уучилдаг энэ хэн гээч вэ? гэлцлээ. 50Есүс тэр эмэгтэйд хандаж
—Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа гэж айлдав.

Одоогоор Сонгогдсон:

Лук 7: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү