Лук 8:4-15
Лук 8:4-15 АБ2013
Хот болгоноос хүмүүс ирж, Түүн дээр асар олон хүн хуран цуглах үед Тэр сургаалт зүйрлэлээр ингэж ярив. — Нэгэн тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унасанд хүмүүс гишгэн, огторгуйн шувууд идчихжээ. Зарим нь чулуурхаг хөрсөнд унав. Тэнд нь чийггүй тул соёолсон боловч хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэгцэн ургаж, тэднийг боомилов. Зарим нь сайн хөрсөнд унаж ургаад, зуу дахин илүү ургац өгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад —Сонсох чихтэй нь сонсогтун гэв. Шавь нар нь энэ сургаалт зүйрлэл ямар утгатай болохыг Түүнээс асуухад Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин бусдад нь Би сургаалт зүйрлэлээр ярьдаг. Тийм болохоор тэд харавч эс ойлгон, сонсовч үл ухаарах билээ. Сургаалт зүйрлэлийн утга нь ийм юм. Үр нь Бурханы үг. Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бөгөөд эд итгэн аврагдах вий хэмээн диавол ирж, зүрхнээс нь үгийг булаадаг. Чулуурхаг газар унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэд үндэсгүй агаад хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед бүдрэн унадаг билээ. Хогийн ургамлын дунд унасан нь сонссон хүмүүс бөгөөд тэд замдаа зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах зэрэгт боомилуулагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй. Сайн хөрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод шударга зөв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ өгөгсөд юм.