Малахи 3
3
Айсуй элч
1“Харагтун, өмнөх замаа бэлтгүүлэхээр Би зарлага элчээ илгээнэ. Та нарын хайдаг Эзэн гэнэт Өөрийн сүмд ирэх болно. Тэр ч байтугай та нарын баярлан таашаах гэрээний элч, харагтун, Тэр ирж байна” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.#Мт 11:10; Мк 1:2; Лк 1:76, 7:27 2“Гэвч Түүний ирэх өдрийг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүнийг үзэгдэхэд хэн зогсож чадах вэ? Учир нь Тэр цэвэршүүлэгчийн гал шиг, угаагчийн саван шиг юм.#Иое 2:11; Илч 6:17 3Тэр мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт сууж, Левийн хөвгүүдийг цэвэршүүлэх болно. Зөвт байдал дотор ЭЗЭНд өргөл өргөдөг болтол нь тэднийг Тэр алт ба мөнгө адил цэвэршүүлнэ. 4Тэгээд Иуда ба Иерусалимын өргөл нь эртний өдрүүдийнх шиг, урьдын жилүүдийнх шиг ЭЗЭНд тааламжтай байх болно. 5Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.
6“ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тиймд Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй. 7Эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар Миний дүрмүүдээс эргэсэн, тэднийг мөн сахиагүй. Над уруу эргэн ирэгтүн, Би ч та нар уруу эргэн ирэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч та нар «Бид яаж эргэн ирэх вэ?» гэж хэлдэг.
Бурханыг бүү луйвард
8Бурханыг хүн луйвардах уу? Гэсэн ч та нар Намайг луйвардаж байна! Гэвч та нар «Бид Таныг яаж луйвардсан юм бэ?» гэдэг. Аравны нэгээр ба өргөлөөр. 9Танай үндэстэн бүхэлдээ Намайг луйвардаж байгаа тул та нар хараалаар хараагдсан! 10Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.#Лев 27:30; Тоо 18:21–24; Дх 12:6, 14:22–29; Нех 13:12 11“Би та нарын төлөө цөлмөгчийг зэмлэх болно. Тэгвэл тэр газрын үр жимсийг устгахгүй, талбай дахь усан үзмийн мод чинь жимснүүдээ унагахгүй байх юм” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 12“Та нар баяр хөөртэй нутаг болох учраас бүх үндэстнүүд та нарыг ерөөгдсөн гэж дуудах болно” хэмээн түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. 13“Та нарын үгс Миний эсрэг хатуу байв” гэж ЭЗЭН айлдаж байна. “Гэсэн ч та нар «Бид Таны эсрэг юу ярьсан юм бэ?» гэдэг. 14Та нар хэлэхдээ «Бурханд үйлчлэх нь ашиггүй. Бид Түүний тушаалыг сахиж, түг түмдийн ЭЗЭНий өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ? 15Өдгөө бид ихэмсгийг ерөөгдсөн гэж дууддаг. Гэм буруутнууд өөдлөөд зогсохгүй тэд бас Бурханыг сорьж, зугтан гардаг» гэдэг”
Итгэмжитний шагнал
16Харин ЭЗЭНээс эмээдэг хүмүүс бие биентэйгээ ярихад ЭЗЭН анхаарал тавин сонсдог. ЭЗЭНээс эмээдэг болон Түүний нэрийг болгоодог хүмүүсийн төлөө дурсгалын ном Түүний өмнө бичигдсэн билээ. 17“Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд Минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил Би тэднийг өршөөх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна гэдэг. 18Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно.
Одоогоор Сонгогдсон:
Малахи 3: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.