Матай 13
13
Сургаалт зүйрлэл: Тариачин
(Мк 4:1–9; Лк 8:4–8)
1Тэр өдөр Есүс гэрээс гарч, нуурын эрэг дээр сууж байлаа. 2Түүн дээр үй олон хуран цугласан тул Тэр завин дээр гарч суужээ. Хурсан олон цөм эрэг дээр зогсож байлаа.#Лк 5:1–3 3Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр хэлэхдээ
—Харагтун, тариачин үр суулгахаар гарчээ. 4Түүнийг үр цацахад зарим нь зам хавиар унаж, шувууд ирээд идчихжээ. 5Зарим нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. 6Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ. 7Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал ургаж, тэднийг боомилов. 8Харин зарим нь сайн хөрсөн дээр унаж, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов. 9Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
Сургаалт зүйрлэлийн зорилго
(Мк 4:10–12; Лк 8:9–10)
10Шавь нар Түүн дээр ирж,
—Та яагаад тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг юм бэ? гэхэд 11Тэр
—Тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин тэдэнд өгөгдөөгүй. 12Учир нь хэнд байна, түүнд ихээр өгөгдөж, элбэг дэлбэг байх болно. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс авагдана.#Мт 25:29; Мк 4:25; Лк 8:18, 19:26 13Тэд харавч эс ухааран, сонсовч үл сонсдог агаад ойлгодог ч үгүй тул Би тэдэнд сургаалт зүйрлэлээр ярьдаг. 14Тэдэнд Исаиагийн эш үзүүллэг биелдэг#Иса 6:9–10 юм. Юу гэвэл тэр
“Та нар сонсон сонсовч
хэзээ ч ойлгохгүй,
Харан харавч
огт ухаарахгүй.
15Учир нь энэ ард түмний
зүрх нь хатуурч,
чих нь дүлийрэн хатуурч,
нүдээ аньжээ.
Эс бөгөөс тэд нүдээрээ харж,
чихээрээ сонсож,
зүрхээрээ ухаарч, эргэнэ.
Би тэднийг эдгээх байсан”
гэсэн байдаг. 16Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ!#Лк 10:23–24 17Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын харж байгааг чинь олон эш үзүүлэгч, зөвт хүмүүс харахыг хүссэн авч хараагүй, сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм.
Сургаалт зүйрлэлийн тайлбар
(Мк 4:13–20; Лк 8:11–15)
18Тиймээс тариачны сургаалт зүйрлэлийг сонсогтун. 19Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч эс ойлговол ёрын муу нэгэн ирж, зүрхэнд нь юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм. 20Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод, тэр даруйдаа баяртайгаар хүлээн ававч, 21харин тэрээр үндэсгүй тул түр зуур байдаг аж. Үгээс болж зовлон эсвэл хавчлага тохиолдоход тэрээр шууд л бүдрэн унадаг. 22Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин энэ дэлхийн зовнил, эд баялгийн хуурамч нь үгийг боомилж, энэ нь үр жимсгүй болдог. 23Сайн хөрсөнд суусан нь үгийг сонсдог бас ойлгодог нэгэн бөгөөд тэрээр үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг гаргах болно гэж айлдав.
Сургаалт зүйрлэл: Үрийн сүүл
24Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ
—Тэнгэрийн хаанчлал нь талбайдаа сайн үр тарьсан хүнтэй адилхан юм. 25Хүмүүсийг унтаж байхад дайсан нь ирж, буудайн дунд үрийн сүүл тарьчихаад яваад өгчээ. 26Түрүү цухуйж үр тариа боловсроход үрийн сүүл ч бас гарч ирэв. 27Гэрийн эзний зарц нар ирж, түүнд “Эзэнтэн, та чинь талбайдаа сайн үр тариагүй бил үү? Гэтэл үрийн сүүл хаанаас гарчихдаг билээ?” гэхэд 28эзэн нь тэдэнд “Дайсан үүнийг хийжээ” гэв. Зарц нар нь “Тэгвэл бид явж, тэдгээрийг зулгаахыг та хүсээ юү?” гэсэнд 29тэр “Хэрэггүй, та нар үрийн сүүл зулгаах гээд буудайг хамтад нь зулгаачихаж магад. 30Ургац хураатал хамтдаа ургаг. Ургац хураах цагт би хадагчдад «Эхлээд үрийн сүүлийг зулгааж, шатаахаар багцалж боо. Харин буудайг цуглуулж, амбаарт минь хийцгээ» гэж хэлнэ” гэв.
Сургаалт зүйрлэл: Гичийн үр
(Мк 4:30–32; Лк 13:18–19)
31Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ
—Тэнгэрийн хаанчлал нь хүний авч, цэцэрлэгтээ суулгасан гичний үр мэт юм. 32Энэ нь бусад бүх үрээс жижигхэн боловч ургахдаа ургамал ногооноос илүү томорч, мод болдог тул тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэлээ.
Сургаалт зүйрлэл: Хөрөнгө
(Лк 13:20–21)
33Тэрээр өөр нэгэн сургаалт зүйрлэл тэдэнд айлдан
—Тэнгэрийн хаанчлал нь хөрөнгө мэт юм. Эмэгтэй түүнийг авч, гурван хэмжүүр гурилд хийхэд энэ нь бүхэлдээ исдэг юм гэв.
Сургаалт зүйрлэлийн хэрэглээ
(Мк 4:33–34)
34Есүс хурсан олонд сургаалт зүйрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юуг ч тэдэнд ярьсангүй. 35Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн#Дуу 78:2 тулд бөгөөд ингэхдээ
«Би сургаалт зүйрлэлээр
амаа нээнэ.
Би ертөнцийн сууриас эхлэн
Нууцлагдсан зүйлсийг хэлнэ»
гэсэн байна.
Үрийн сүүл сургаалт зүйрлэлийн тайлбар
36Есүс хурсан олныг орхин гэрт оров. Шавь нар нь Түүн дээр ирээд,
—Тариан талбай дахь үрийн сүүлийн тухай сургаалт зүйрлэлийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь 37Тэр
—Сайн үр таригч нь Хүний Хүү, 38талбай нь ертөнц, сайн үр нь хаанчлалын хөвгүүд, үрийн сүүлийн үрүүд нь ёрын муу нэгний хөвгүүд, 39тэдгээрийг тарьсан дайсан нь диавол, ургац хураах цаг нь үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэрэлч нар юм. 40Тиймээс үрийн сүүлийг зулгааж, галд шатаах адил үеийн төгсгөл тийм байх болно. 41Хүний Хүү тэнгэрэлч нараа илгээхэд тэд бүдрүүлэх бүх саад ба ёс бусыг үйлдэгчийг Түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд, 42галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй. 43Тэгэхэд зөвт хүмүүс нь Эцэгийнхээ хаанчлалд нар мэт гийх болно. Сонсох чихтэй нь сонсогтун.
Гурван сургаалт зүйрлэл
44Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж, баярласандаа явж, өөрт байгаа бүхнээ зараад, тэрхүү талбайг худалдан авна.
45Бас тэнгэрийн хаанчлал нь сайн сувд хайгч худалдаачинтай адил юм. 46Их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж, түүнийг авна.
47Мөн тэнгэрийн хаанчлал нь төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан том тортой адил юм. 48Тор дүүрмэгц тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайныг нь саванд хийн, харин мууг нь хаяна. 49Үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэрэлч нар ирж, зөвтийн дундаас ёрын мууг ялгаж, 50тэднийг галтай зууханд хаяна. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.
Шинэ ба хуучин эрдэнэс
51Та нар энэ бүхнийг ойлгов уу? гэхэд тэд Түүнд
—Тийм ээ гэв. 52Тэгтэл Есүс тэдэнд
—Иймээс тэнгэрийн хаанчлалын шавь болсон хуулийн багш бүхэн эрдэнэсийн сангаасаа шинэ болон хуучныг гаргах өрхийн тэргүүлэгчтэй адил юм гэв. 53Есүс эдгээр сургаалт зүйрлэлийг дуусгаад тэндээс явав.
Назарт Есүсийг голсон нь
(Мк 6:1–6; Лк 4:16–30)
54Тэр, нутагтаа ирээд синагогт нь тэдэнд заахад тэд гайхшран
—Хаанаас энэ хүн энэ цэцэн ухаан ба хүчит гайхамшигуудыг авсан юм бол? 55Энэ чинь мужааны хүү биш бил үү? Эхийг нь Мариа, дүү нарыг нь Иаков, Иосеф, Симон, Иуда гэдэг биш бил үү? 56Охин дүү нар нь бүгд бидэнтэй хамт байгаа биз дээ? Тэгвэл тэр бүхнийг энэ хаанаас авав? гэцгээв. 57Тэд Түүнд бүдрэн унтууцахад#Иох 4:44 Есүс тэдэнд
—Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй гэж айлдав. 58Тэдний итгэлгүй байдлаас болж Тэр тэнд олон хүчит гайхамшиг үйлдсэнгүй.
Одоогоор Сонгогдсон:
Матай 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.