Матай 21
21
Иерусалимд сүр жавхлантай орж ирлээ
(Мк 11:1–11; Лк 19:28–40; Иох 12:12–19)
1Тэд Иерусалимд дөхөж, Чидун уулын бэл дэх Бетфагт ирээд, Есүс хоёр шавиа илгээж 2тэдэнд
—Эсрэг талд чинь байгаа тосгонд оч. Та нар тэр даруй уяатай илжиг дудрантайгаа байгааг олно. Тэднийг тайлаад Надад авчир. 3Хэрэв хэн нэгэн та нарт юм хэлбэл “Эд нар Эзэнд#21:3 эсвэл Багшид хэрэгтэй” гэж хэлээрэй. Тэгвэл тэр тэднийг даруй явуулна гэв. 4Энэ нь эш үзүүлэгчээр хэлүүлсэн нь биелэгдэхийн тулд билээ. Юу гэвэл
5«Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу
Даруухнаар, илжиг буюу эдэлгээний адгуусын төл, дудран унаад айсуй гэж
Сион охинд дуулга»#Зех 9:9
гэсэн юм. 6Тэгээд шавь нар явж, Есүсийн захисан ёсоор гүйцэтгэв. 7Тэд илжгийг дудрантай нь авчраад дээр нь дээлүүдээ тохож Есүсийг мордуулав. 8Үй олон хүн дээлээ зам дээр дэвсэж зарим нь модноос мөчир огтлон зам дээр дэлгэж байлаа. 9Өмнө хойно нь явж буй хурсан олон
—Давидын Хүүд Хосанна!#21:9 Хосанна: “Биднийг авраач” гэх үг боловч магтаал хүндэтгэлийн уухай болон хэрэглэдэг болжээ.
Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!
Хамгийн Дээдэд Хосанна!
гэж хашхиралдаж байлаа.#Дуу 118:25–26 10Түүнийг Иерусалимд ороход хотынхон бүгд үймэлдэж,
—Энэ хэн билээ? гэцгээв. 11Ард олон
—Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм гэж байв.
Сүмийг цэвэрлэв
(Мк 11:15–19; Лк 19:45–48; Иох 2:13–22)
12Есүс сүмд ороод, худалдаачдыг болон худалдан авагсдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээнүүд ба тагтаа худалдагсдын сандлыг хөмөрч орхиод 13тэдэнд
—“Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн байдаг. Гэтэл та нар түүнийг нь дээрэмчдийн үүр болгож байна#Иса 56:7; Иер 7:11 гэв.
14Сүмд байхад нь Түүн дээр сохор, доголон хүмүүс ирэхэд Тэр тэднийг эдгээжээ. 15Харин ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүний үйлдсэн гайхамшигт зүйлсийг болон сүм дотор
—Давидын Хүүд Хосанна! гэж хашхиралдах хүүхдүүдийг хараад ихэд зэвүүцэн 16Түүнд
—Та эдний юу хэлж буйг сонсож байна уу?#Дуу 8:2 (LXX) гэхэд Есүс
—Тийм ээ, “Хөхүүл хүүхдүүд нялхасын аманд магтаалыг Та Өөртөө бэлдсэн” гэснийг та нар огт уншаагүй юм уу? гэв. 17Тэгээд тэднийг орхин хотоос гарч, Бетанд ирээд тэндээ хоноглов.
Инжрийн модыг хараасан нь
(Мк 11:12–14,20–24)
18Өглөө хот уруу буцах үед Тэр өлсжээ. 19Тэгээд замын хажуу дахь инжрийн ганц модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд
—Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ. 20Шавь нар нь үүнийг хараад мэл гайхаж,
—Энэ инжрийн мод яаж ийм хурдан хувхайрав? гэцгээв. 21Есүс тэдэнд хариулан
—Үнэнээр Би та нарт хэлье. Та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл “Дээш өргөгдөж, тэнгист хаягд” гэж хэлэхэд л энэ нь биелэх болно.#Мт 17:20; 1Ко 13:2 22Та нар итгэлтэйгээр юуны төлөө залбиран гуйна, түүнийгээ хүлээн авах болно гэв.
Есүсийн эрх мэдлийг асуусан нь
(Мк 11:27–33; Лк 20:1–8)
23Түүнийг сүмд ороод сургаал зааж байхад нь ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Түүн дээр ирж,
—Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг өгөв? гэж асуухад 24Есүс тэдэнд
—Би мөн та нараас нэг зүйл асууя. Хэрэв Надад хариуг хэлбэл Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэж байгаагаа та нарт хэлье. 25Иоханы баптисм хаанаас байсан бэ? Тэнгэрээс үү эсвэл хүмүүсээс үү? гэхэд тэд хоорондоо эргэцүүлэн ярилцаж
—Хэрэв бид “Тэнгэрээс” гэчихвэл Тэр бидэнд “Тэгвэл та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?” гэнэ. 26Харин бид “Хүмүүсээс” гэвэл энэ хурсан олноос бид айж байна. Учир нь тэд бүгд Иоханыг эш үзүүлэгч гэж үздэг шүү дээ гээд, 27Түүнд
—Бид мэдэхгүй гэж хариулахад нь Есүс тэдэнд
—Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэв.
Сургаалт зүйрлэл: Хоёр хүү
28Харин та нар юу гэж бодож байна? Нэгэн хүн хоёр хүүтэй байжээ. Тэр уугандаа очиж “Хүү минь, өнөөдөр явж, усан үзмийн талбай дээр ажилла” гэсэнд 29хүү нь “Үгүй” гэв. Гэвч дараа нь гэмшээд, явжээ. 30Тэрээр удаахдаа мөн тэгж хэлэхэд хүү нь “За” гэсэн атлаа явсангүй. 31Тэр хоёрын аль нь эцгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? гэхэд тэд
—Эхнийнх нь гэв. Есүс тэдэнд хандан
—Үнэнээр Би та нарт хэлье. Татвар хураагчид ба янхнууд та нараас урьтаж Бурханы хаанчлалд орно. 32Учир нь Иохан зөвт байдлын замаар та нар уруу ирсэнд та нар түүнд итгээгүй. Харин татвар хураагчид ба янхнууд түүнд итгэсэн юм. Та нар үүнийг үзээд гэмшсэнгүй, дараа нь ч түүнд итгэсэнгүй.#Лк 3:12, 7:29–30
Сургаалт зүйрлэл: Олиггүй түрээслэгчид
(Мк 12:1–12; Лк 20:9–19)
33Өөр нэгэн сургаалт зүйрлэлийг сонсоцгоо. Нэгэн газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа барьж, шахуурга суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд явав гэнэ.#Иса 5:1–2 34Ургац хураах цаг ойртоход эзэн усан үзэм авчруулахаар зарц нараа тариаланчдад илгээжээ. 35Тариаланчид зарц нарыг нь бариад, нэгийг нь зодож, нөгөөг нь алж, бас нэгийг нь чулуугаар цохив. 36Эзэн эхнийхээсээ олон зарц нарыг дахин илгээсэнд тэд мөн л адил үйлдэв. 37Эцэст нь тэр “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд хүүгээ илгээв. 38Харин тариаланчид хүүг хараад, өөр хоорондоо “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ, түүнийг алж, өв хөрөнгийг нь булаацгаая” гэжээ. 39Тэгээд тэд түүнийг барьж, усан үзмийн талбайн гадна гаргаж хаяад, түүнийг алав. 40Тэгвэл усан үзмийн талбайн эзэн ирээд тэдгээр тариаланчдыг яах вэ? гэсэнд 41тэд
—Тэр эзэн олиггүй муу тэднийг муугаар төгсгөж, хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн талбайгаа түрээсэлнэ гэв. 42Есүс тэдэнд
—“Барилгачдын голсон чулуу
Булангийн чулуу болжээ.
Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд
Бидний нүдэнд гайхалтай”
гэснийг та нар Бичвэрээс огт уншаагүй юу?#Дуу 118:22–23 43Иймээс Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг та нараас авч, түүний үр жимсийг ургуулах үндэстэнд өгөх болно. 44Хэн энэ чулуун дээр унана, тэр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь няцарна гэж айлдав.#21:44 ЗБ-т энэ эшлэлийг нэмсэн (Лк 20:18 үз.)
45Фарисайчууд ба ахлах тахилч нар сургаалт зүйрлэлүүдийг нь сонсоод, өөрсдийнх нь тухай Тэр ярьсныг мэдэв. 46Тэд Түүнийг барихыг санаархсан авч хүмүүс Түүнийг эш үзүүлэгч гэж үздэг тул ард олноос айв.
Одоогоор Сонгогдсон:
Матай 21: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.