Матай 24:36-51

Матай 24:36-51 АБ2013

Харин тэр өдөр, цагийг хэн ч эс мэднэ. Тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ. Учир нь Хүний Хүүгийн залрал Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг бүхээгт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж, бүгдийг хаман одох хүртэл тэд мэдээгүй юм. Хүний Хүүгийн залрал ийм байх болно. Тэр үед хоёр хүн талбайд байхад нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэмдэж байхад нэгийг нь авч, нөгөөг нь орхино. Тиймээс Эзэн чинь ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор соргог бай. Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн эзэн шөнийн аль манааны үед хулгайч ирэхийг мэдсэнсэн бол тэрээр сэрүүн соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар ч мөн бэлэн бай. Хүний Хүү та нарын санаагүй цагт ирнэ. Бусад зарц нарынхаа хоол ундыг нь цагт нь өгүүлэхээр эзэн нь гэрийнхээ дээгүүр тавьсан, итгэмжит, ухаалаг зарц нь хэн бэ? Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерөөлтэй еэ! Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн хамаг хөрөнгөө түүнд даатгана. Харин өөдгүй муу зарц зүрхэндээ “Эзэн маань ирэхгүй удна” гээд, анд нь болох зарц нараа зодож, архичидтай идэж ууж эхэлтэл бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь мөнөөх зарцын эзэн ирж, түүнийг тас хэрчиж, хоёр нүүртнүүдтэй ижил хувь онооно. Тэнд уйлаан, шүд хавирах нь буй.