Матай 28
28
Есүсийн амилал
(Мк 16:1–10; Лк 24:1–12; Иох 20:1–10)
1Амралтын өдрийн дараа долоо хоногийн эхний өдөр үүрээр Магдалын Мариа болон нөгөө Мариа нар булшийг үзэхээр ирэв. 2Харагтун, маш хүчтэй газар хөдлөлт болов. Учир нь Эзэний тэнгэрэлч тэнгэрээс буун ирж, чулууг зайлуулаад дээр нь суужээ. 3Түүний үзэгдэх төрх аянга лугаа адил, хувцас нь цас мэт цагаан байв. 4Харуулууд түүнээс айн чичирч, үхдэл мэт болжээ. 5Тэгтэл тэнгэрэлч эмэгтэйчүүдэд
—Бүү ай. Цовдлогдсон Есүсийг хайж буйг чинь мэдэж байна. 6Тэр энд байхгүй. Учир нь хэлснээрээ Тэр амилсан. Ирэгтүн. Түүний#28:6 ЗБ-т Эзэний хэвтэж байсан газрыг үзэгтүн. 7Хурдан очиж, шавь нарт нь “Тэр үхэгсдээс амилжээ. Харагтун, Тэр та нараас түрүүнд Галил уруу явсан тул та нар тэнд Түүнийг харах болно” гэж хэл. Үзэгтүн, би та нарт хэллээ гэв. 8Тэд айдас болон бөөн баяртайгаар булшнаас хурдан зайлж, шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ. 9Харагтун, Есүс тэднийг тосон ирж,
—Амар байна уу? гэхэд тэд дөхөж очоод хөлөөс нь зуурч, Түүнд мөргөлөө. 10Тэгээд Есүс тэдэнд
—Бүү ай. Явж, ах дүүст минь Галил уруу яв гэж мэдэгд. Тэнд Намайг тэд харах болно гэж айлдлаа.
Харуулын мэдэгдэл
11Тэднийг замдаа явж байх зуур, харагтун, харуулуудын зарим нь хотод ирж, болсон бүхнийг ахлах тахилч нарт мэдэгдэв. 12Тэд ахлагчидтай чуулж зөвлөлдөөд, цэргүүдэд их мөнгө өгч,
— 13“Шавь нар нь шөнө ирээд, биднийг унтаж байх зуур Түүнийг хулгайлчихлаа” гэж та нар хэл. 14Захирагчийн сонорт энэ тухай хүрэх юм бол бид ятгаж, та нарыг гайгаас мултална гэв. 15Тэд мөнгийг аваад, заасан ёсоор нь гүйцэтгэв. Энэ яриа иудейчүүдийн дунд энэ өдрийг хүртэл тархжээ.
Шавь нартаа өгсөн агуу захирамж
(Мк 16:14–18; Лк 24:36–49; Иох 20:19–23; Үйл 1:6–8)
16Харин арван нэгэн шавь нь Галилын зүг, Есүсийн товлосон уул өөд явав.#Мт 26:32; Мк 14:28 17Тэд Есүсийг хараад Түүнд мөргөж, зарим нь харин эргэлзэж байлаа. 18Есүс дөхөж ирээд, тэдэнд
—Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. 19Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ,#Үйл 1:8 20та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.
Одоогоор Сонгогдсон:
Матай 28: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.