Марк 12:1-12
Марк 12:1-12 АБ2013
Есүс сургаалт зүйрлэлээр тэдэнд айлдаж эхлэв. —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, тойруулан хашаа бариад, шахуурганы сав суулган, цамхаг босгожээ. Тэгээд үүнийгээ тариаланчдад түрээслээд аянд явав гэнэ. Ургац хураах цаг болоход тэрээр тариаланчдаас усан үзэм авчруулахаар зарцаа илгээв. Тэд зарцыг нь барьж зодоод хоосон буцаажээ. Тэр дахин өөр зарцыг тариаланчдад явуултал чулуугаар толгойг нь хага цохиж, доромжилжээ. Тэр өөр нэгнийг илгээтэл, тэд түүнийг нь алав. Өөр олны заримыг нь зодож, заримыг нь алжээ. Түүнд үлдсэн ганц нь хайртай хүү нь байв. Эцэст нь тэр “Тэд хүүг минь хүндэлнэ” гээд түүнийгээ явуулав. Харин тариаланчид бие биендээ “Энэ чинь өв залгамжлагч нь байна. Ирцгээ. Түүнийг алчихвал өв хөрөнгө нь биднийх болно” гэцгээж, түүнийг барьж авч алаад, усан үзмийн талбайгаас гарган хаяжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн юу хийх вэ? Тэр ирж тариаланчдыг хөнөөгөөд, усан үзмийн талбайгаа өөр хүмүүст өгнө. Та нар “Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болжээ. Энэ нь Эзэнээс ирсэн бөгөөд Бидний нүдэнд гайхалтай” гэж Бичвэрээс уншаагүй юү? гэлээ. Есүс өөрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл өгүүлснийг тэд ойлгоод Есүсийг барихыг санаархсан ч ард олноос айв. Тиймээс тэд Есүсийг орхиж явлаа.