Марк 15:1-41

Марк 15:1-41 АБ2013

Өглөө болмогц ахлах тахилч нар, ахлагчид, хуулийн багш нар бүх Зөвлөлийн хамт зөвлөлдөөд, Есүсийг хүлж аваачин Пилатад өгөв. Пилат, Есүсээс —Та иудейчүүдийн Хаан юм уу? гэж асуусанд Есүс хариуд нь —Та ч хэлж байна гэв. Ахлах тахилч нар Есүсийг олон зүйлд буруутгав. Пилат Түүнээс дахин асууж, —Та юу ч хариулахгүй юу? Тэд ямар олон зүйл Таны эсрэг тулгаж байгааг хараач гэв. Гэвч Есүс юу ч хариулсангүйд Пилат гайхав. Баяраар тэдний хүссэнчлэн нэг хоригдлыг сулладаг байлаа. Бослогын үеэр хүн алаад хоригдсон үймээн дэгдээгчдийн дунд Бараб гэгч эр байв. Хурсан олон ирж, өөрсдөд нь хийж заншсаныг Пилатаас гуйж эхлэв. Пилат тэдэнд —Иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэв. Учир нь ахлах тахилчид атаархсандаа Есүсийг барьж өгснийг тэр мэдэж байлаа. Гэвч ахлах тахилч нар Барабыг оронд нь сулла гэж гуй хэмээн хурсан олныг ятгав. Тиймд Пилат тэдэнд дахин —Тэгвэл та нарын иудейчүүдийн Хаан гэж [нэрлээд байгаа] Хүнийг надаар яалгамаар байна вэ? гэхэд тэд —Түүнийг цовдол гэж хашхиралдлаа. Харин Пилат —Яагаад? Тэр ямар муу юм үйлдсэн юм бэ? гэж асуухад тэд —Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа. Тэгэхэд Пилат хурсан олонд нийцүүлэхийг хүсэж, Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ. Тэгээд цэргүүд Есүсийг ордны хашаанд (тэр нь Праеториум юм) аваачиж бас бүтэн анги цуглуулав. Тэд Есүст час улаан нөмрөг нөмөргөж, сундуугаар титэм сүлжээд Түүн дээр тавьж — Иудейчүүдийн Хаанд мэндчилье гэж дооглон толгойг нь хулсаар цохилж, өөдөөс нь нулимж, өвдөг сөхрөн Түүнд мөргөцгөөж байлаа. Тэд Есүсийг дооглосны дараа, улаан нөмрөгийг нь тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор гадагш авч явлаа. Хөдөөнөөс ирээд түүгээр өнгөрч явсан Курений Симоныг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Тэр Александр, Руф хоёрын эцэг билээ. Гавалын газар гэсэн утгатай Голгота хэмээх газар Түүнийг тэд авчирлаа. Цэргүүд Есүст мирр хольсон дарсыг өгсөн боловч Тэр авсангүй. Тэд Түүнийг цовдлоод, хэн юу авахаа шодож шавга хаяцгаан, хувцсыг нь хувааж авав. Тэд Түүнийг цовдлоход гуравдугаар цаг байсан юм. Ялынх нь пайзан дээр «Иудейчүүдийн Хаан» гэсэн бичээс байлаа. Цэргүүд Есүстэй хамт хоёр дээрэмчнийг, нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь цовдлов. [«Тэр хилэнцтэнүүдийн хамт тоологдсон» гэсэн Бичвэр биелэгдэв.] Дэргэдүүр нь өнгөрөгсөд толгойгоо сэгсрэн Түүнийг доромжилж, —Өө! Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи, Өөрийгөө авраач! Наад загалмайнаас буугаач гэцгээж байлаа. Ахлах тахилчид ч хуулийн багш нарын хамт мөн адил элэглэн, өөр хоорондоо —Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Израилийн Хаан энэ Христ одоо загалмайнаас бууг, тэгвэл бид хараад итгэнэ гэж байв. Хамт цовдлогдогсод ч Түүнийг бас доромжилжээ. Зургадугаар цагаас эхлээд нийт нутгийг харанхуй нөмөрч есдүгээр цаг хүрэв. Есдүгээр цагт Есүс чанга дуугаар —Елой, Елой, лема сабахтани? (орчуулбал «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?») гэж хашхирлаа. Тэнд зогсогсдын зарим нь сонсоод, —Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэв. Нэг нь гүйж, далайн хөвөнд цагаан цуу шингээгээд хулсны үзүүрт торгоон, Түүнд уулгахаар өгөнгөө, —Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс чанга дуу гаргаад, амьсгал хураав. Сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурлаа. Түүний эсрэг талд зогсож байсан зуутын дарга Есүсийг амьсгаа хураахыг хараад —Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв. Тэнд бас хэсэг эмэгтэйчүүд холоос харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон жижиг Иаков, Иос хоёрын эх Мариа, Саломе нар байв. Тэд Есүсийг Галилд байхад нь дагаж, Түүнд үйлчилдэг байсан юм. Иерусалимд Түүнтэй хамт ирсэн өөр олон эмэгтэй тэнд байсан билээ.