Тооллого 32

32
Иорданы наадах эзэмшил
(Дх 3:12–22)
1Реубений хөвгүүд болон Гадын хөвгүүд маш олон мал сүрэгтэй байлаа. Иазерын нутаг болон Гилеадын нутгийг мал сүрэгт үнэхээр тохирох газар болохыг тэд хараад, 2Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд ирж, Мосе, тахилч Елеазар болон хотол түмний удирдагчдад
3Атарот, Дибон, Иазер, Нимра, Хешбон, Елеале, Себам, Небо болон Беон 4буюу Израилийн хотол түмний өмнө ЭЗЭНий эзэлсэн нутаг нь мал сүргийн нутаг билээ. Тэгээд ч зарц нар тань мал сүрэгтэй болой гэв. 5Тэд
—Хэрэв бид таны нүдэнд тааллыг олсон аваас энэ нутгийг зарц нартаа эзэмшил болгон өгч биднийг Иорданыг бүү гатлуулаач гэж хэлэв.
6Харин Гадын хөвгүүд, Реубений хөвгүүдэд Мосе
—Та нарыг энд суурьших зуур ах дүүс чинь дайнд явах ёстой гэж үү? 7ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу гатлан явахад нь Израилийн хөвгүүдийн зүрхийг та нар юунд мохооно вэ? 8Би уг нутгийг харуулахаар танай эцгүүдийг Кадеш-барнеагаас илгээхэд тэд үүнтэй адил зүйлийг хийсэн юм.#Тоо 13:17–33 9Тэд Ешколын хөндий уруу очиж уг нутгийг үзчихээд, Израилийн хөвгүүдийн зүрхийг ЭЗЭНий тэдэнд өгсөн нутаг уруу явахгүй болтол нь мохоосон. 10Тэр өдөр ЭЗЭНий уур хилэн шатаж, Тэр тангараглан,#Тоо 14:26–35 11“Египетээс гарч ирсэн хүмүүс Намайг бүрэн дагаагүй тул тэднээс хорь ба түүнээс дээш насны нэг ч хүн, Абрахам, Исаак, Иаковт Миний амласан тэр нутгийг харахгүй. 12Зөвхөн кениз хүн Иефуннегийн хүү Калеб, Нуны хүү Иошуа нар л ЭЗЭНийг бүрэн дагасан учраас тэд харах болно” гэсэн. 13ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн хүмүүсийн бүхэл үеийнхэн устах хүртэл Тэр тэднийг цөлд дөчин жил тэнүүчлүүлсэн билээ. 14Харагтун, нүгэлт хүмүүсийн үр удам аа, та нар Израилийн эсрэг ЭЗЭНий шатаж буй уур хилэнг улам нэмэхээр эцгүүдийнхээ байранд бослоо. 15Хэрэв та нар Түүнийг дагахаас эргэх аваас Тэр дахин нэг удаа тэднийг цөлд хаяж орхих бөгөөд та нар энэ бүх ард олныг устгах болно гэлээ.
16Тэд түүнд ойртон ирж
—Бид энд мал сүрэгтээ хонины хашаа хороо, багачууддаа хот барьж босгох болно. 17Харин бид Израилийн хөвгүүдийг нутагт нь аваачих хүртэлээ зэвсэглээд Израилийн хөвгүүдийн өмнө явахад бэлэн байна. Тэр хооронд манай багачууд уг нутгийн оршин суугчдын улмаас бэхлэгдсэн хотуудад амьдарч байх болно. 18Израилийн хөвгүүд, хүн нэгбүр өөрийн өвийг эзэмштэл бид гэр орондоо буцахгүй. 19Иорданы чанадад буюу зүүн зүгт бидэнд өв маань ирсэн учир Иорданы нөгөө талд тэдэнтэй хамт бидэнд өв байхгүй гэв.
20Мосе тэдэнд
—Хэрэв та нар үүнийг хийвэл, дайнд явахаар ЭЗЭНий өмнө зэвсэглэж, 21ЭЗЭН дайснуудаа өмнөөсөө хөөн зайлуулах хүртэл танай зэвсэглэсэн эрчүүд бүгд ЭЗЭНий өмнө Иорданыг гатлан явж, 22ЭЗЭНий өмнө тэр нутаг дийлэгдэх аваас дараа нь та нар буцах бөгөөд ЭЗЭНий өмнө болон Израилийн өмнө гэмгүй байх болно. Энэ нутаг ч ЭЗЭНий өмнө та нарын эзэмшил болох юм. 23Гэвч та нар ингэхгүй аваас харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдэх бөгөөд нүгэл чинь та нарыг олно гэдгийг сайн мэдтүгэй. 24Багачууддаа хот, хониндоо хашаа хороо барьж босгон, амласан зүйлээ хийгтүн гэлээ.
25Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд Мосетэй ярин
—Боолууд тань эзнийхээ тушаасан ёсоор хийх болно. 26Бидний багачууд, эхнэрүүд, бидний бог малын сүрэг болон бүх үхэр сүрэг маань энд Гилеадын хотуудад үлдэнэ. 27Харин эзнийхээ хэлсэн ёсоор таны боолууд, хүн бүр маань дайнд зэвсэглээд тулалдахаар ЭЗЭНий оршихуйд гатлан явах болно гэлээ.
28Мосе тэдний тухай тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгууд дахь эцгүүдийн бүлийн тэргүүнүүдэд тушаал өгөв.#Иош 1:12–15 29Мосе тэдэнд
—Хэрэв Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд, хүн бүр нь тулаанд зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд та нартай хамт Иорданыг гатлаад, уг нутаг та нарт дийлэгдэх аваас та нар тэдэнд Гилеадын нутгийг эзэмшил болгон өгөгтүн. 30Харин тэд зэвсэглэн та нартай хамт гатлахгүй бол тэд Канаан нутагт та нарын дунд эзэмшилтэй байх болно гэв. 31Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд хариулан
—Таны боолуудад ЭЗЭНий айлдсан ёсоор бид хийх болно. 32Бид зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд Канаан нутагт гатлан орох бөгөөд бидний өвийн эзэмшил нь Иорданы чанадад бидэнд үлдэх болно гэлээ.
33Ингээд Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд болон Иосефын хүү Манассегийн овгийн хагаст аморичуудын хаан Сихоны хаанчлалыг мөн Башаны хаан Огийн хаанчлалыг, тэдний хотууд болон нутаг дэвсгэрийг, эргэн тойрон дахь газрын хотуудтай нь хамт Мосе өгөв. 34Гадын хөвгүүд Дибон, Атарот, Ароер, 35Атрот-шофан, Иазер, Иогбеха, 36Бет-нимра, Бет-харан буюу бэхлэлт хотуудыг барьж, хониндоо хашаа хороо босгов. 37Реубений хөвгүүд Хешбон, Елеале, Кириатаим, 38Небо, Баал-меон (эдгээрийн нэрс өөрчлөгдсөн), Сибмаг барьсан бөгөөд барьсан хотууддаа өөр нэрс өгөв. 39Манассегийн хүү Махирын хөвгүүд Гилеад уруу явж, түүнийг эзлэн, тэнд байсан аморичуудыг зайлуулав. 40Манассегийн хүү Махирт Мосе Гилеадыг өгч, тэр тэнд амьдрав. 41Манассегийн хүү Иаир явж, тэндхийн суурингуудыг эзлэн, тэдгээрийг Хаввот-иаир гэж нэрлэв. 42Ноба явж Кенат ба түүний гацаануудыг эзлээд өөрийнхөө нэрээр Ноба гэж нэрлэв.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 32: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү