Тооллого 35

35
Левичүүдийн хот
1Иерихогийн харалдаах Иорданы дэргэд, Моабын талд ЭЗЭН, Мосетэй ярин#Иош 21:1–42
2Эзэмшлийнхээ өвөөс левичүүдэд амьдрах хотуудыг өгөхийг Израилийн хөвгүүдэд тушаагтун. Та нар левичүүдэд тэр хотуудын эргэн тойрон дахь бэлчээрийг нь бас өг. 3Хотууд нь тэдний амьдран суух газар болох бөгөөд бэлчээрүүд нь тэдний үхэр сүрэг, эд зүйлс хийгээд бүх мал амьтных нь болох юм. 4Та нарын левичүүдэд өгөх хотуудын бэлчээр хотын хэрэмнээс гадагш тойруулан мянган тохой байх ёстой. 5Та нар төвд нь хотыг оруулан хотоос гадагшаа зүүн талд хоёр мянган тохой, өмнөд талд хоёр мянган тохой, баруун талд хоёр мянган тохой, хойд талд хоёр мянган тохойг хэмжигтүн. Энэ нь тэдний хотуудын бэлчээр нутаг болой.
6Левичүүдэд та нарын өгөх хотууд дотроос, хүн алсан нэгнийг зугтан очиход зориулан өгөх зургаан хоргодох хот байх болой. Тэдгээрт нэмэлт болгон та нар дөчин хоёр хотыг өг. 7Левичүүдэд та нарын өгөх бүх хот нь бэлчээр нутгийнхаа хамт дөчин найман хот байх болой. 8Израилийн хөвгүүдийн эзэмшлээс өгөх хотуудын тухайд, та нар илүү ихтэйгээс ихийг авч, багатайгаас багыг авч өг. Овог бүр өвлөх эзэмшлийнхээ дагуу левичүүдэд хотуудаасаа өгөх ёстой гэж айлдлаа.
Хоргодох хотууд
(Дх 19:1–13; Иош 20:1–9)
9Дараа нь ЭЗЭН, Мосетэй ярин
10Израилийн хөвгүүдтэй ярьж, тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар Иорданыг гатлан Канаан нутагт орох үедээ, 11хоргодох хот чинь болох хотуудыг өөрсдөдөө сонгон авагтун. Тэгвэл санамсаргүйгээр хүн алсан алуурчин нь тийшээ зугтах юм. 12Хүн алсан нэгэн нь хотол түмний өмнө шүүгдэхээр зогсохоосоо өмнө үхэхгүйн тулд тэр хотууд та нарт өшөө авагчаас хоргодох газар болно.
13Та нарын өгөх хотууд нь та нарын хоргодох зургаан хот байх ёстой. 14Та нар гурван хотыг Иорданы чанадад, гурван хотыг Канаан нутагт өгөх бөгөөд тэдгээр нь хоргодох хот болох ёстой. 15Санамсаргүйгээр хүн алсан аливаа хүн тийш зугтан очихын тулд энэ зургаан хот Израилийн хөвгүүдэд ч мөн тэдний дунд буй ирмэл хүн, түр суугчид ч хоргодох газар болог.
Алуурчин ба цусан өшөө
16Гэвч нэг нь нөгөөгөө төмөр зүйлээр цохисноос болж өнөөх нь үхэх аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой. 17Хэрэв хүнийг үхүүлж болохоор чулуу гартаа барин нэг нь нөгөөгөө цохиж, өнөөх нь үхэх аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой. 18Эсвэл хүнийг үхүүлж болохоор модон багаж гартаа барин нэг нь нөгөөгөө цохиж, өнөөх нь үхэх аваас тэрээр алуурчин мөн. Алуурчин заавал үхэх ёстой. 19Цусан өшөө авагч өөрөө уг алуурчныг ална. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг ална. 20Хэрэв үзэн ядсанаас болж нэг нь нөгөөгөө түлхэх эсвэл отож байгаад аливаа зүйлийг түүн уруу шидэж, өнөөх хүн үхэх аваас 21эсвэл өс хонзон санан түүнийг гараараа цохисон бөгөөд өнөөх хүн үхэх аваас түүнийг цохисон нэгэн нь алуурчин мөн тул заавал үхэх ёстой. Цусан өшөө авагч нь алуурчинтай учрах үедээ түүнийг ална.
22Харин нэг нь нөгөөгөө өс хонзон саналгүйгээр гэнэт түлхсэн эсвэл отоогүй байгаад аливаа зүйлийг түүн уруу шидсэн 23эсвэл түүнийг харалгүй, хүнийг үхүүлж болохоор чулууг дээрээс нь унагаснаас болж өнөөх хүн үхэх аваас тэр түүний дайсан байгаагүй, түүнд хор хүргэх гээгүй учраас 24хүн алсан хүн болон цусан өшөө авагчийн хоорондохыг эдгээр хууль цаазын дагуу хотол түмэн шүүх ёстой. 25Алуурчныг цусан өшөө авагчийн гараас хотол түмэн аварч, зугтан очсон хоргодох хотод хотол түмэн үүнийг буцаах ёстой. Тэр хүн, ариун тосоор тослогдсон тэргүүн тахилчийг өөд болтол тэнд амьдрах ажгуу. 26Хэрэв алуурчин өөрийн зугтан очсон хоргодох хотынхоо хилээс гадагш гарахад, 27цусан өшөө авагч нь хоргодох хотын хилийн гадна түүнийг олоод, алуурчныг албал цусны буруутан болохгүй. 28Учир нь тэргүүн тахилчийг өөд болтол тэрээр хоргодох хотдоо үлдэх ёстой байв. Харин тэргүүн тахилчийг өөд болсны дараа алуурчин эзэмшил нутагтаа буцаж болно.
29Энэ зүйлс та нарын хамаг үеийнхэнд, амьдрах газар бүрд чинь хууль ёсны зарлиг байх болтугай.
30Хэрэв хэн нэгэн нь хүн албал, уг алуурчин гэрч нарын амаар алагдах ёстой. Харин ганц гэрчийн хариулснаар ямар ч хүнийг алах ёсгүй.#Дх 17:6, 19:15 31Түүнчлэн, үхэлд буруутай алуурчны амийн төлөө та нар золиос авч болохгүй. Харин тэр заавал үхэх ёстой. 32Мөн хоргодох хот уруугаа зугтсан хүнд тахилчийг өөд болохоос өмнө нутагтаа амьдрахаар буцахыг зөвшөөрөн түүний төлөө та нар золиос авч болохгүй. 33Та нар өөрсдийн байгаа нутгаа бузарлах ёсгүй. Учир нь цус газрыг бузарладаг бөгөөд газар дээр урссан цусны төлөө цус урсгагчийн цуснаас өөр хийгдэж болох эвлэрүүлэл байхгүй. 34Дунд нь Би оршин, дотор нь та нар амьдрах нутгийг та нар бүү бузарла. Учир нь ЭЗЭН Би Израилийн хөвгүүдийн дунд оршин байна” гэж айлдлаа.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 35: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү