Филиппой 1:21-30
Филиппой 1:21-30 АБ2013
Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм. Хэрэв би махбоддоо амьдрах аваас ажил минь үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй. Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм. Гэвч махбодоор үлдэх нь та нарын төлөө илүү чухал юм. Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшил болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байхаа мэдэж, үүндээ итгэлтэй байна. Би та нарт эргэж очсоноор надаас болж сайрхал чинь Христ Есүсийн дотор бялхах болно. Христийн сайнмэдээнд л зохистой амьдар. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайнмэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож мөн эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй байгааг чинь би сонсоно. Энэ нь тэдэнд сүйрлийн тэмдэг, харин та нарт Бурханаас ирдэг авралын тэмдэг юм. Учир нь Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ. Ингэхдээ та нар надаас харсан болон эдүгээ надад буй гэж сонсож байгаатай адил тэмцэлтэй байна.