Сургаалт үгс 17

17
1Хэрүүлтэй гэрийн бялхам идээ будаанаас
Амар тайван дундах хатсан талхны хэлтэрхий нь дээр.
2Гутамшигт хүүг мэргэн зарц захирч
Гэрийн өв хөрөнгөнөөс төрөл нь мэт хүртэх.
3Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд,
Хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм.
4Муу хүн цөвт уруулыг сонсох.
Худалч хүн хорлолын хэлийг анхаарах.
5Ядууг элэглэгч Бүтээгчийг нь гутаах.
Гамшигт баясагч шийтгэлгүй эс үлдэх.
6Ач гуч өтгөсийн титэм.
Азай буурлууд үрсийн алдар.
7Дээдсийн үг хэллэг мунхагт эс тохирох.
Худал хэлэх нь захирагчид бүр ч үл нийцэх.
8Хахууль нь өгөгчийнхээ нүдэнд
ид шидийн чулуу мэт
Хаашаа ч эргэсэн амжилт олно, тэр.
9Алдаат үйлдлийг уучилваас хайрыг татах.
Аливаа хэргийг эргэн сөхвөөс андаа алдах.
10Зэмлэлийн ганц үг ухаантанд хүрэхдээ
Цохиурын зуун буулт мулгууд хүрэхээс гүн.
11Ёрын муу хүн зөвхөн тэрслэл тарих агаад
Догшин элч түүний эсрэг илгээгдюү.
12Бамбаруушаа булаалгасан баавгайтай таарах нь
Мунхаглалдаа живсэн мунхгаас дээр.
13Сайныг саараар хариулагчийн гэрээс
ёр муу үл салах.
14Зөрчилдөөний эхлэл дусах ус мэт буюу.
Садрахаас нь өмнө хэрүүлийг зогсоо!
15Буруутыг зөвтгөгч ч тэр, зөвтийг буруутгагч ч тэр
ЭЗЭНд жигшүүртэй.
16Мунхаг нэгэн ухаангүй атлаа ухааныг худалдан авах уу?
Мөнгө гарт нь байлаа гээд тус болох уу?
17Анд нөхөр аваас ямар ч үед хайрлах.
Ахан дүүс зовлон шаналангийн цагт дэм болохоор төрөх.
18Хөршийнхөө төлөө батлан дааж
Гар баригч нь ухвар мөчид ажээ.
19Гэмт үйлдлийг таашаагч нь хэрүүлд дурлах
Үүдэн босгоо өндөрлөгч нь яс хугалах.
20Зальт зүрхтэн үл дэвжих
Мэхлэгч хэлтэн гай зовлонд унах.
21Мулгууг төрүүлэгч шаналах.
Олиггүйн эцэг эс баярлах.
22Баяр хөөртэй зүрх болбоос сайн эм.
Эмтэрсэн сүнс аваас ясны хувхай өвчин.
23Шударга замыг хазайлгахаар
Буруут нь хахууль өвөртлөх.
24Ухаарагчийн өмнө мэргэн ухаан
Мунхгийн хараанд газрын хязгаар.
25Мулгуу хүү эцгийн халаглал.
Төрүүлсэн эхдээ ч уй гашуу.
26Зөвт нэгнийг торгох нь ч,
Чигч байтал түшмэдийг ташуурдах нь ч
зүйд эс нийцюү.
27Мэдлэгтний үг ховор.
Ухаантны сүнс уужим.
28Дуугүй байваас мунхаг ч мэргэнд тооцогдох.
Амаа хамхиваас тэрээр
ухаалаг мэт харагдах.

Одоогоор Сонгогдсон:

Сургаалт үгс 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү