Сургаалт үгс 2:1-22
Сургаалт үгс 2:1-22 АБ2013
Хүү минь, үгсийг минь хүлээн авч, Тушаалуудыг минь дотроо нандигнаваас, Мэргэн ухаанд чих тавьж, Ухаан бодролд зүрхээ зүглүүлвээс, Ухаарлыг чи чангаар дуудаж, Ухаарал ойлголтын төлөө дуугаа өндөрсгөвөөс, Цалин цагаан мөнгө мэт үүнийг эрж, Нууц эрдэнэ мэт түүнийг хайваас ЭЗЭНээс эмээхүйг чи ойлгоно Бурханы мэдлэгийг олж авна. Мэргэн ухааныг ЭЗЭН Өөрөө өгдөг Мэдлэг ба ухаан бодрол Түүний амнаас гардаг Чигч шударгаар замнагчдад саруул ухааныг нөөцөлж Өөлөх гэмгүй явагчдад Тэрээр бамбай болмуй Шударга ёсны харгуйг Тэр хамгаалж, Бишрэлтнүүдийнхээ замыг хадгалмуй. Тэгвэл зөвт байдал, шударга цаазыг чи ухаарна Чигч байдал, сайн зам бүрийг ойлгоно Ингэвээс зүрхэнд чинь мэргэн ухаан орж, Санаа сэтгэлд чинь мэдлэг тааламжтай байна. Хянамгай чанар чамайг сэргийлнэ, Ухаан бодрол чамайг хамгаална. Энэ нь чамайг хорон муугийн замаас ч Хоосон гаж яригчаас ч Харанхуйн замаар явах гэж Шулуун харгуйг орхигсдоос ч Ёсгүй мууг хийдгээрээ бахархагчдаас ч, Ёрын гажсанд баясагчдаас ч Муруй замтай хүмүүсээс ч Буцдаг жимтэй хүмүүсээс ч хамгаалах болно. Сайхан уярам үгтэй хөндлөнгийн эм буюу Садар эмээс ч тэр салган аврах билээ. Идэр насныхаа ханийг орхиж дээ, энэ эм, Эзэн Бурханыхаа гэрээг ч бас умартжээ Орон гэр нь үхэл уруу хэлбийжээ Одох жим нь Үхэгсдийн орон ажээ. Тэр эм уруу явагсад эргэж үл ирнэ Тэд амийн харгуйг ахиж эс олно. Иймээс сайн замаар яв Тиймээс зөвтийн харгуйг сахь. Чигч шударга хүмүүс газар дээр амьдарч Гэм зэмгүй нь тэнд үлдмой. Буруутууд газраас таслагдаж Бачит хүмүүс тэндээс арчигдмой.