Сургаалт үгс 21

21
1Хааны зүрх ЭЗЭНий мутарт усны урсгал
Хаа таалсан зүгтээ Тэр түүнийг чиглүүлэх.
2Хүний зам өөрийн нүдэнд зөв шударга ч
Зүрхийг дэнслэгч нь ЭЗЭН.
3Үнэн ба шударгыг үйлдэх нь ЭЗЭНд
Нядлах тахилаас ч илүү хүлээн авагдах.
4Ихэмсэг харц, бардам зүрх нь
буруутын дэнлүү бөгөөд нүгэл ажээ.
5Зүтгэлтэй нэгний төлөвлөгөө нь элбэг дэлбэгийг.
Адгуу нэгэн зөвхөн ядуурлыг.
6Залилагч хэлээр эрдэнэсийг олж авах нь
Замхрах уур, үхлийн занга.
7Шударгыг үйлдэхээс татгалздаг тул
Буруутуудыг хүчирхийлэл нь залгина.
8Гэмтний зам нь тахир
Гэмгүй цэврийн хандлага нь чигч шударга.
9Дэндүү яншаа эхнэртэй нэг байшинд сууснаас
Дээврийн буланд амьдарсан нь дээр.
10Буруутуудын сэтгэл ёрын мууг хүсэх.
Хөрш нь түүний нүднээс энэрлийг эс харах.
11Басамжлагчийг шийтгэвээс
гэнэн хүн мэргэн болох.
Мэргэнийг сургамжлаваас
Тэр өөрөө мэдлэгийг олох.
12Буруутын гэрийг
Зөвт Нэгэн ажиглах
Буруу хүнийг мөхөл уруу
Тэрээр унагах.
13Хоосон ядууг хашхирахад
чихээ чи таглаваас
Хожим өөрөө орилон дуудавч
хариуг эс авна.
14Нууцхан бэлэг уцаарыг,
Өвөр дэх хахууль хилэнг дарах.
15Биелэгдсэн хууль зөвт хүнд баяр,
Ёс бусыг үйлдэгсдэд айдас.
16Ухааны замаас гажигч хүн
Үхэгсдийн чуулганд дуусна.
17Зугаа цэнгэл хөөвөөс хоосрол.
Дарс, тосонд дурлаваас ядуурал.
18Буруут нь зөвтийн,
Зальхай нь чигч шударга нэгний төлөөс.
19Цухалдан яншдаг эмтэй цуг байснаас
Цөл газар амьдрах нь дээр.
20Мэргэний гэрт эрдэнэс, тос тэргүүтэн үлдэвч
Мулгуу хүн тэдгээрийг үрж барах.
21Зөвт байдал, хайр энэрлийг мөшгөвөөс
Амь, зөвтөл, алдрыг олох.
22Мэргэн хүн хүчтэнүүдийн хотыг авиран дайрдаг
Нөгөөдүүлийн найдаж асан хэрмийг тэр нураадаг.
23Ам хэлээ захирдаг хүн
Амь юугаа зовлон шаналангаас сахих.
24Ихэмсэг нэгнийг “Басамжлагч” гэдэг
Ихэрхүү зан нь дүрэлзэн байдаг.
25Хойрго залхуугийн хүслэн үхэлд хүргэх нь
Хэзээд гар нь ажиллахаас татгалздагийнх.
26Шунахайрагч өдөржин хүсэх.
Харин зөвт хүн харамгүй өгөх.
27Буруутын нядлах тахил нь жигшүүр.
Булай санаалж авчирваас бүр ч дэндүү.
28Хуурамч гэрч мөхнө.
Харин сайн сонсдог хүн мөнхөд ярина.
29Буруу хүн дүр эсгэх.
Чигч шударга нэгэн замаа ухаарах.
30ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн ухаан,
бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер үгүй.
31Хүлэг морьдыг тулааны өдөрт бэлддэг ч
Ялалт ЭЗЭНийх болой.

Одоогоор Сонгогдсон:

Сургаалт үгс 21: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү