Сургаалт үгс 31

31
Лемуел хааны эхийн сургаал
1Хаан Лемуелийн үгс буюу эх нь түүнд сургамжилсан эш үзүүллэг.
2Хүү минь боль, хэвлийн минь хүү, ам өчгийн минь хүү, болохгүй!
3Хүч тэнхээ юугаа эмсэд бүү зар.
Харгуй зам юугаа тэдэнд бүү зориул.
Хаадыг сүйтгэгчид тэд билээ.
4Хаан хүнд зохихгүй, Лемуел минь,
Дарс уух нь хаан хүнд эс зохино.
Захирагч хүнд сархдыг хүсэн тэмүүлэх нь үл зохино.
5Уух аваас, хууль тогтоолыг умартан
Зовлон зүдүүрийн хөвгүүдийг шүүхдээ эрхийг нь умартуулдаг.
6Сөнөж буй хүмүүст сархдыг барь,
Сэтгэлдээ гашуудсан хүмүүст дарсыг барь.
7Ядуу зүдүүгээ мартан ууг.
Зовлон зүдүүрээ дахиж бүү дурсаг.
8Ам хэлгүй, арилж одох
хөөрхийсийн төлөө амаа нээ.
9Амаа нээж, зөв шударгаар шүү
Ядуус ба зүдрэгсдийг шүүн өмгөөл.
Чадварлаг эхнэрийг магтахуй
10Зохистой чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ?
Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй.
11Эр нөхөр нь түүнд итгэлээ тавих агаад
Эд олз нь эс хомстоно.
12Бүхэл амьдралынхаа туршид нөхөртөө
Тэрээр мууг бус зөвхөн сайныг л хийнэ.
13Маалинга ноосыг базааж,
Маш баяртайгаар гар нь ажиллана.
14Хоол хүнсээ хол газраас зөөх нь
Худалдаачны хөлөг онгоцууд мэт.
15Харуй бүрийгээр тэр босож,
Хамаг бүлдээ унд цай бэлтгэнэ
Зааварчилгааг шивэгчин бүсгүйчүүлдээ
Зааж бас хэлнэ.
16Газрыг нягтлан үзээд, худалдан авна.
Гарынхаа үр жимсээр тэндээ усан үзэм тариална.
17Тэрээр ууцаараа хүчийг бүсэлж,
Гараа хүчтэй болгоно.
18Үйлс нь бүтэмжтэй байгааг тэр мэдэх тул
Дэнлүү нь хүртэл шөнөд үл бөхнө.
19Гар нь ээрүүл дээр зэхээстэй,
Хуруунд нь ээрүүлийн дамар бариастай.
20Ядууст гараа тэрээр сунгана.
Гачигдагсдад гар нь дэлгээстэй.
21Гэр бүлийнхээ төлөө тэрээр цастайд үл айна.
Гэрийнхэн нь хэдийнээ давхар хувцастай байна.
22Бүтээлгүүдийг өөртөө урлана.
Биеэ ёрог даавуун нил ягаанаар хувцаслана.
23Нөхөр нь гулдан хаалган дээр
Нутгийн ахмадуудын дунд сууж байхдаа хүндлэгдэнэ.
24Ёрог даавуу хийж, тэрээр түүнийгээ худалдана.
Бөс даавууг худалдаачдад бас нийлүүлнэ.
25Ийм нэгэн нь хүч чадал,
хүндэтгэлээр хувцаслана
Тийм нэгэн нь ирэх өдрийг инээн баясан угтана.
26Мэргэн ухаанаар амаа нээж,
Энэрлийн сургаалыг хэл нь сургамжилна.
27Орон гэртээ тэрээр санаа тавина
Залхуурал гэж үгүй.
28Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө
Эр нөхөр нь ч түүнийг магтан
29“Олон эмэгтэй зүтгэлтэй ч, чи тэднээс илүү билээ” гэнэ.
30Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн ч хоосон тул
ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай.
31Гарынх нь үр жимсийг түүнд өг.
Гавьяа үйлс нь түүнийг
Үүдэн хаалганаа магтах болтугай.

Одоогоор Сонгогдсон:

Сургаалт үгс 31: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү