Сургаалт үгс 31:10-31
Сургаалт үгс 31:10-31 АБ2013
Зохистой чадварлаг эхнэрийг хэн олж чадах вэ? Тийм эхнэр эрдэнэсээс ч үнэтэй. Эр нөхөр нь түүнд итгэлээ тавих агаад Эд олз нь эс хомстоно. Бүхэл амьдралынхаа туршид нөхөртөө Тэрээр мууг бус зөвхөн сайныг л хийнэ. Маалинга ноосыг базааж, Маш баяртайгаар гар нь ажиллана. Хоол хүнсээ хол газраас зөөх нь Худалдаачны хөлөг онгоцууд мэт. Харуй бүрийгээр тэр босож, Хамаг бүлдээ унд цай бэлтгэнэ Зааварчилгааг шивэгчин бүсгүйчүүлдээ Зааж бас хэлнэ. Газрыг нягтлан үзээд, худалдан авна. Гарынхаа үр жимсээр тэндээ усан үзэм тариална. Тэрээр ууцаараа хүчийг бүсэлж, Гараа хүчтэй болгоно. Үйлс нь бүтэмжтэй байгааг тэр мэдэх тул Дэнлүү нь хүртэл шөнөд үл бөхнө. Гар нь ээрүүл дээр зэхээстэй, Хуруунд нь ээрүүлийн дамар бариастай. Ядууст гараа тэрээр сунгана. Гачигдагсдад гар нь дэлгээстэй. Гэр бүлийнхээ төлөө тэрээр цастайд үл айна. Гэрийнхэн нь хэдийнээ давхар хувцастай байна. Бүтээлгүүдийг өөртөө урлана. Биеэ ёрог даавуун нил ягаанаар хувцаслана. Нөхөр нь гулдан хаалган дээр Нутгийн ахмадуудын дунд сууж байхдаа хүндлэгдэнэ. Ёрог даавуу хийж, тэрээр түүнийгээ худалдана. Бөс даавууг худалдаачдад бас нийлүүлнэ. Ийм нэгэн нь хүч чадал, хүндэтгэлээр хувцаслана Тийм нэгэн нь ирэх өдрийг инээн баясан угтана. Мэргэн ухаанаар амаа нээж, Энэрлийн сургаалыг хэл нь сургамжилна. Орон гэртээ тэрээр санаа тавина Залхуурал гэж үгүй. Үр хүүхдүүд нь өсөж өндийгөөд, түүнийг ерөөнө Эр нөхөр нь ч түүнийг магтан “Олон эмэгтэй зүтгэлтэй ч, чи тэднээс илүү билээ” гэнэ. Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн ч хоосон тул ЭЗЭНээс эмээгч эмэгтэй л магтаал авах учиртай. Гарынх нь үр жимсийг түүнд өг. Гавьяа үйлс нь түүнийг Үүдэн хаалганаа магтах болтугай.